ТВ болон онлайнаар хичээлээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй үед багш нар суралцагчиддаа дасгал, даалгаврыг олон хувилбараар боловсруулан, тэдний ялгаатай түвшин, зайн сургалтад оролцож буй орчин нөхцлийг тооцон хүргэх зайлшгүй шаардлага гарч байна. Багш сургалтын ерөнхий агуулгыг тусгасан дасгал, даалгавруудыг боловсруулахдаа зайн сургалтын оролцооны болон агуулгын хоцрогдлыг багасгах, сурагчдад хүргэх олон хувилбарыг харгалзан үзэх нь чухал юм.
Ийнхүү сурагчдын сурах үйлийг дэмжин ажиллахад www.canva.com сайт ашиглан, дасгал даалгаврууд боловсруулах арга зүйг санал болгож, туршлагаа хуваалцаж байна.
www.canva.com сайт ашиглах давуу тал: Энэхүү сайт дээрх маш олон загварыг ашиглан богино хугацаанд сонирхолтой ажлын хуудас, дасгал, даалгаврыг бэлтгэж болно.
Энэ сайтад ажиллахад: Файл татан оруулах /зураг, видео, аудио/, бэлэн зургуудаас сонгох, төрөл бүрийн дүрс, сум, стикер оруулах, бичвэр, дуу оруулах, арын өнгө солих, фолдер оруулах зэрэг үйлдлүүдийг маш богино хугацаанд олон хувилбараар хялбар, хүртээмжтэй бэлдэж болно. Бэлдсэн даалгавар, хичээлээ pdf, jpg… гэх мэт хэлбэрээр татан авч, хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглах, хадгалах боломжтой.
Анхаарах нь: Зарим нэмэлт программыг үнэгүй ашиглаж буй тохиолдолд хэрэглэх боломжтой бичлэг, дууны сан хязгаарлагдмал байдаг.
Та бүхэнд www.canva.com сайт ашиглах зааварчилгааг презентаци хэлбэрээр зурагжуулан, алхамчлан тайлбарлаж, бэлтгэсэн дасгал, даалгаврын хамт хүргэж байна.