НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫГ АНТИВИРУСНЫ ПРОГРАММААР ҮНЭГҮЙ ХАНГАНА
Дэлхий нийтийг хамарсан Коронавируст /КОВИД-19/ халдварын цар тахлаас шалтгаалан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, онлайн буюу зайн сургалтаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах нөхцөл байдал үүссэн. Үүнтэй уялдан цахим төхөөрөмж, техник хэрэгслийн найдвартай ажиллагаа, хурд, мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага үүсэж байна.
Иймд Нийслэлийн Боловсролын газар, “БД Системс Эйжиа” ХХК-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 14.000 багшид 1 жилийн эрхтэй Bitdefender антивирусны программ хангамжийг үнэ төлбөргүй нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт цахимаар гарын үсэг зурлаа.
Тус ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн 221 багшид 2021 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр антивирусны программ хангамжийг суулгах заавар, зөвлөмжийг хүргэх цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, “БД Системс Эйжиа” ХХК-ны захирал Г.Амгаланбаяр, НБГ-ын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг нар оролцлоо.
Антивирусны программ хангамжийг ерөнхий боловсролын сургуулийн багш нар ашигласнаар цахим төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, хурд, мэдээллийн аюулгүй байдал сайжирч цахим сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг болох давуу талтай болно.