МЭНДЧИЛГЭЭ
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд Та бүхэндээ шинэ хичээлийн жилийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хүмүүний түүхэнд тодоос тод мөрөө үлдээж, дэлхийн дайдыг эрхшээж явсан суу алдарт өвөг дээдсийн үргэлжлэл, залгамж хойч нь та бид билээ. Өвөг дээдэс минь бидэнд “Баян хүн болоорой” гэдэггүй “Эрдэмтэй хүн болоорой” гэдэг, “Дээд баян эрдэм ном” хэмээн эрхэмлэн сургаж ирсэн ирсэн билээ.
Даяаршин ойртож, бие биенээс улам илүү хамааралтай болж буй энэ цагийн өнгөнд Монгол хүмүүн бид эрдэм мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ үндэсний онцлог, хэл соёлоо хамгаалан хадгалж гэмээнэ дэлхийн олон улстай зэрэгцэн оршиж улс, эх орноо хөгжүүлэх учиртай.
Шинэ хичээлийн жилд боловсролын харилцаанд оролцогч бүх талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн цар тахлын улмаас алдагдсан хоцрогдлыг арилгаж, эрүүл мэндээ хамгаалан халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж хичээл сургалтаа тасралтгүй, хэвийн явуулах хариуцлагатай үүрэг та биднийг хүлээж байна.
Хичээлийн жил эхлэхээс дуусах хүртэл сургууль цэцэрлэг бүр дүрэм журмаа чанд мөрдөж, багш, ажилтан, эцэг эх, суралцагч бүр хариуцлагатай байж цар тахлын хүнд сорилтыг амжилттай даван туулж чадна. Бүгдээрээ хичээвэл бүтэхгүй зүйл гэж үгүй билээ.
Нийслэлийн нийт багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтан албан хаагч Та бүхэндээ шинэ хичээлийн жилийн мэндийг дахин хүргээд шавь нараа эрдэмд хөтлөх их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА
2021 оны 09 дүгээр сарын 01
0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн