
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 237
Улаанбаатар хот
ҮДИЙН ХООЛНЫ НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.1.1, 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1500 (нэг мянга таван зуун) төгрөгөөр тогтоосугай.
2. Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1800 (нэг мянга найман зуун) төгрөг байхаар тогтоож, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3. Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих, удирдлага, арга зүйгээр хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан Аймаг, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтэст хоол зүйчийн орон тоо шинээр бий болгох арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
4. Энэ тогтоолын 1, 3 дахь заалтыг хэрэгжүүлэхэд 2021 онд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг 2021 онд батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийж, 2022 оноос улсын болон орон нутгийн төсвийн төсөлд зохих журмын дагуу тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
5. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т үүрэг болгосугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хоолны зардлын норматив тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолын 3 дахь заалтын “Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 (есөн зуун) төгрөгөөр” гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН