“Эхлэл брэнд” ХХК-аас цахим хичээлд хамрагдах боломжгүй, зорилтот бүлгийн суралцагчдад дэмжлэг үзүүлж, өөрсдийн бүтээгдэхүүний дээж гар утсыг бэлэглэсэн билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн захирал нарт HULAN 21 PLUS загварын 30 ширхэг гар утсыг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлсэн үгэндээ, “Эхлэл брэнд ХХК-аас хүүхэд багачуудын сурч боловсрох үйл хэрэгт бүтээгдэхүүний дээжээрээ дэмжлэг үзүүлж, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа суралцагчдад зориулж гар утас бэлэглэснийг өнөөдөр та бүхэнд хүлээлгэн өгч байна. Зайн болон танхим хосолсон хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагаа явж байгаа энэ үед техник хэрэгсэлгүйн улмаас цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа суралцагчдад хүргэж эргэн тайлагнаж ажиллахыг хүсье” гэв.
Тус HULAN 21 PLUS загварын утсыг Монгол хэл дээр бүрэн ашиглах боломжтой бөгөөд түгээмэл ашиглагддаг аппликейшнүүд утсанд суулгасан байдаг тул ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ашиглахад давуу тал болж байна. Суралцагчид гар утастай болсноор Zoom, Google classroom, Teams зэрэг программаар дамжуулан ангийн багш, найзуудтайгаа хүссэнээрээ холбогдон хичээлээ саадгүй хийх боломжтой боллоо.