2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт зориулсан графикт сургалт цахимаар явагдсан бөгөөд нийт 56 багш хамрагдлаа.
“Хүүхдийг бүтээлч үйлийн орчинд хөгжих хүсэл эрмэлзлэлийг нь дэмжин өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслая!” гэсэн эрхэм зорилготой Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 63 дугаар цэцэрлэгийн бүтээлч, хөдөлмөрч багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тэднээс суралцуулахаар энэ удаагийн цахим сургалт зохион байгуулагдсан.
Агаарт хатдаг баримал. Хүүхдийн гоо зүйн мэдрэмж, сэтгэн бодох болон урлах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөл, гарын булчингийн хөгжил, түүгээр дамжин тархины хөгжлийг дэмждэгээрээ баримал олон талын ач холбогдолтой.
Бодит зүйлсийг энгийн хялбар аргаар урлан бүтээж хийх нь хүүхдэд маш ойр, дулаан мэдрэмжийг төрүүлдэг тул агаарт хатдаг баримлын шаврыг ашиглан сургалтын орчноо тохижуулж, сургалтын хэрэглэгдэхүүндээ ашиглаж буй Н.Энхжаргалын багшийн баялаг туршлагаас суралцлаа.
Бага насны хүүхдийг бүхий л талаар нь хөгжүүлэхэд хөгжмийн хичээлийн үүрэг их.
Тэгвэл хүүхдэд хөгжмийн хичээлийг хэрхэн сонирхолтой арга хэлбэрээр явуулж, олон талын мэдрэмжийг нь зэрэг хөгжүүлэхэд анхааран туршиж, судалгаан дээр үндэслэн арга зүйгээ байнга дээшлүүлдэг багшийн туршлагаас нийслэл төдийгүй үндэсний хэмжээнд, ОХУ, Өвөр Монголын багш нар судалж, суралцсаар байна.
Сургалтын хэрэглэгдэхүүн, цэцэрлэгийн орчноо багш нарынхаа бүтээлээр чимж, хүүхдийн сурч боловсрох орчныг тохилог таатай болгоход агаарт хатдаг баримлын шавраар бүтээл хийж суралцаарай.