Сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон сургуулийн нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын холбоо” НҮТББ-аас “ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ – СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хүүхдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар оролцлоо. Албаны хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ сургуулийн хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сургуулийн нийгмийн ажилтнуудыг бүх талаар дэмжин, мэргэжил ур чадварыг нь хөгжүүлэх, ажлын ачааллыг бууруулах, бусад орны туршлага арга зүйгээс судлах, боломжийг нь нээж өгөх, хөдөлмөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч, манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөгөөнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, насан туршийн боловсролын төвийн нийт 320 нийгмийн ажилтан оролцож,
сургуулийн орчинд багш, суралцагч, эцэг эхийн бие биеэ хүндэтгэсэн, дэмжсэн харилцааг бий болгох, хүүхдийг аливаа дарамт шахалтад өртүүлэхгүй, ялгаварлахгүй байх, тэдний оролцоог тэгш хангах, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн эрүүл, аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж ажиллах зэрэг сэдвүүдийн хүрээнд зөвлөлдөж байна.
Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб” НҮТББ ажиллаж байна.