ТӨРИЙН БУС ӨМЧИЙН 7 СУРГУУЛЬ, 2 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэж заасны дагуу өнөөдөр Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар 2021-2022 оны хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө.

2021 оны 3 дугаар сард нийт 21 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 2 цэцэрлэг, 7 сургуульд Нийслэлийн Засаг даргын захирамжаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 70, сургуулийн суудлын тоо 3770-аар нэмэгдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн 423 цэцэрлэгт 29729 хүүхэд, ерөнхий боловсролын 127 сургуульд 40216 суралцагч суралцаж байгаа нь нийт цэцэрлэгт хамрагдалтын 26%, суралцагчдийн 13 хувийг эзэлж байна. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүд боловсролын салбар дахь төрийн ачааллыг хөнгөвчлөхөд томоохон үүргийг гүйцэтгэж байгааг дээрх тоон үзүүлэлтээс харж болно.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга үйл ажиллагааг нээж, үүсгэн байгуулагчдад хандаж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Нэгдүгээрт, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, боломж бололцоогоор хангаж онцгой анхаарч ажиллах, хоёрдугаарт, боловсролын чанар, хүүхдийн хөгжилд багшлах боловсон хүчин чухал нөлөөтэй тул хүүхдээ гэх сэтгэлтэй, мэргэжлийн багш нараар хамт олноо бүрдүүлэх, гуравдугаарт үндсэн үйл ажиллагаа сургалт учраас төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургуулийн өмнөх боловсролын болон бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэслэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж мөрдлөг болгон ажиллах ёстой” гэж онцлоод сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.