ТЭГШ ХАМРАН СУРГАХ БОЛОВСРОЛЫН АСУУДЛААР “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Боловсрол, шинжлэх ухааны яам, “Жайка” олон улсын байгууллагаас сурагчдыг тэгш хамруулан сургахад анхаарч “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатыг хэрэгжүүлж буй.
Төслийн гол зорилго нь 2-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх байдаг.
Төслийн I шат 2 жилийн хугацаанд хэрэгжиж дууссан бөгөөд төслийн II үе шат 2022 оны 07 дугаар сараас хэрэгжиж эхлээд байна.
Өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, “Жайка” олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч, төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Төслийн хэрэгжих хугацаанд туршилтын буюу зорилтот 25 цэцэрлэг, ерөнхий боловсролын 25 сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, нийслэл, дүүргийн тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтнийг чадавхижуулан ажиллаж байна.