Өнөөдөр БГД-ийн 11-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын СЭТГЭМЖ цогцолбор сургуулийн шинэ өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Анх телевизийн өндөр дэнж дээр Октябрын районы 46 дугаар бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан тус сургууль 1996 онд 10 жилийн, 1998 оноос Сургалт үйлдвэрлэлийн “Сэтгэмж” цогцолбор сургууль болж өргөжин тэлсэн бөгөөд 50 жилийн ойн дээрээ шинэ өргөтгөлийн байраа ашиглалтад оруулж байгаа нь энэ юм.
Орчин үеийн стандартад нийцсэн урлаг, спортын заал бүхий 640 хүүхдийн суудалтай Эрдмийн өргөөнд хүүхдүүд маань тав тухтай хичээллэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн “Сэтгэмж” цогцолбор сургуулиас урлаг, спортын олон алдартан төрөн гарсан бөгөөд нийслэлийн хэмжээнд үндэсний бичиг, эх хэл, түүх соёл, ёс зан заншлыг шингээж үлгэрлэн соёлын өвийг сурталчилж, үр хойчдоо өвлүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлдгээрээ нийслэлийн жишиг сургууль хэмээн нэрлэгддэг юм.
Түүхт 50 жилийн ойн босгон дээрээ шинэ байрандаа орж байгаа “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт сурагчдадаа сурлага, урлаг, спортын, багш ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.