СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД “ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ БА БОЛОВСРОЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Боловсролын газраас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад “Хууль эрх зүй ба боловсрол” сургалтыг зохион байгууллаа.
Захирал, эрхлэгч нар нь холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдэд заасан нийтлэг эрх, үүргийнхээ хүрээнд тухайн байгууллага дээрээ төрийн нэрийн өмнөөс боловсролын талаарх төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллах үндсэн чиг үүрэгтэй.
Энэ удаагийн удирдах ажилтны ээлжит сургалтыг өдөр тутмын үйл ажиллагаа, албан хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудтай хамтран салбарын холбогдох дүрэм журмуудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, зөрчил дутагдлыг арилгах тал дээр зөвлөн туслах, харилцан асуулт хариулт явуулах зэргээр сургалтыг явууллаа.
Сургалтыг “Хүний эрх, хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль эрх зүй” сэдвээр Монгол Улсын хүний эрхийн Комиссийн референт Х.Цэцэгээ, “Хөдөлмөрийн эрх зүй” сэдвээр Хууль зүйн ухааны доктор, Хөдөлмөрийн эрх зүйн мэрэгшсэн судлаач Б.Уранцэцэг, “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар А.Цэдэн-Иш, “Гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр нийслэлийн Прокурорын газрын ХБМБАХТ 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор А.Золзаяа нар тус тус зохион байгууллаа.
Сургалтын үеэр НБГ-ын дарга Ж.Гантулга захирал, эрхлэгч нарт хандан өөрийн хариуцсан байгууллага бүртээ МУ-ын Засгийн газрын болон Засаг даргын дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлж, хууль журмыг мөрдөн, сахилга хариуцлагыг чанд сахиж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, сургалтын чанарыг сайжруулах, багш хүүхдийн хөгжлийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.