НИЙСЛЭЛИЙН ХИМИ, БИОЛОГИ, ЭРҮҮЛ МЭНДИЙН “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Боловсролын газрын даргын “Зөвлөн туслах ажлыг зохион байгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хими, биологи, эрүүл мэндийн багш нарын “Зөвлөлдөх баг”-ийг 38 гишүүнтэйгээр байгуулсан.
Тэгвэл тус “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багш нарт зөвлөн туслах yp чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд тулгарч буй асуудлуудад тухай бүр дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг онцлов.
Сургалтаар:
• “Багш, сурагчдын ялгаатай байдалд үндэслэн зөвлөн туслах арга зүй, тэргүүн туршлага” сэдвээр МУБИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Г. Баярмаа,
• “Үнэлгээний шалгуурт нийцсэн даалгавар боловсруулах арга зүй” сэдвээр Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М. Сумъяагэрэл,
• “Medle.mn цахим контентын платформд нэгж хичээл байршуулахад анхаарах зүйлс” сэдвээр Medle.mn цахим контентын платформын арга зүйч Д. Чимэгсанаа нар илтгэл сонордуулж, дадлага ажлыг зохион байгуулав.
Мөн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ж. Батбилэг зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл, чиглэл өглөө.