НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ШИЛДЭГ БАГШ АЖИЛТАНД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулж индексийн урамшуулал олгох, шилдэг багш, ажилтанд шагнал гардуулах үйл ажиллагааг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, НИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Б.Мягмар, НИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Б.Нэргүй, НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч П.Наранбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Буянтогтох, Ц.Отгончимэг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.
Шагнал гардуулах арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар үг хэллээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нээлтийн үгэндээ “Монгол Улс 1966 оноос эхлэн багш нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн бөгөөд ЮНЕСКО-гийн санаачилгаар 1994 оноос жил бүрийн 10 дугаар сарын 05-ныг Дэлхийн багш нарын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-д Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан нь дээрх арга хэмжээг дэмжин нэгдсэний тод илрэл юм. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэд багш нарын гүйцэтгэж буй нөлөөг онцолж байгаа хэрэг юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдрийг Монголын багш нарын болон дэлхийн багш нарын өдөр болгон тэмдэглэж, багш, боловсролын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, багш мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүндийг өргөх, боловсролын салбарын шилдэг багш, ажилтан, хамт олныг шалгаруулах, шагнаж урамшуулах зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ хүрээнд “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн болон төрийн бус өмчийн 20 сургууль, 20 цэцэрлэгийг Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгээр шалгаруулж, нийт 400 сая төгрөгийн урамшууллыг олгож байна.
Индексийн урамшуулал нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой олгогддог юм.
Өнөөдөр нийслэлийн тэргүүний 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж урамшуулахын зэрэгцээ цар тахлын амаргүй цаг үед хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, цахим сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр санаачлагатай, амжилттай ажилласан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 18 багшийг “Бүтээлч багш”-аар шалгаруулж тус бүр зөөврийн компьютерээр, 47 багшийг “Оюуныг тэтгэгч багш”, “Шилдэг сургалтын менежер”, “Шилдэг арга зүйч”, “Шилдэг нийгмийн ажилтан”, “Зөвлөгч багш”, “Судлаач багш” –аар шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр урамшууллаа.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд нийслэлийн боловсролын салбарт олон жил тасралтгүй ажилласан, ажлын амжилт, ёс зүй, ур чадварын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн 9 дүүргийн 9 багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж бичгийг ажлын байран дээр нь гардуулан өгсөн байна.
Энэ жилийн багш нарын өдөр Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн боловсролын газрын түүхт 90 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой болж байна.
НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ,
СУРГУУЛИЙН ЖАГСААЛТ
ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ:
1. Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг
2. Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг
3. Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэг
4. Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэг
5. Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэг
6. Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэг
7. Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр цэцэрлэг
8. Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэг
9. Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг
10. Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг
11. Баянгол дүүргийн 262 дугаар цэцэрлэг
12. Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэг
13. Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэг
14. Баянзүрх дүүргийн 213 дугаар цэцэрлэг
15. Багануур дүүргийн 235 дугаар цэцэрлэг
16. Баянзүрх дүүргийн 136 дугаар цэцэрлэг
17. Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэг
18. Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэг
19. Хан-Уул дүүргийн Монгол билиг оюун цэцэрлэг
20. Баянгол дүүргийн 47 дугаар цэцэрлэг
ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ
1. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль
2. Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль
3. Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй ЦС
4. Баянзүрх дүүргийн Тэмүүжин өрлөг сургууль
5. Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль
6. Баянгол дүүргийн 73 дугаар сургууль
7. Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль
8. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
9. Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль
10. Баянгол дүүргийн Оюуны ундраа ЦС
11. Баянгол дүүргийн 20 дугаар сургууль
12. Баянгол дүүргийн Номт наран сургууль
13. Баянгол дүүргийн 93 дугаар сургууль
14. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль
15. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль
16. Хан-Уул дүүргийн Жэт сургууль
17. Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
18. Налайх дүүргийн 119 дүгээр сургууль
19. Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль
20. Сүхбаатар дүүргийн Үй-Цай сургууль