2020 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Улааанбаатар хот
2021 оны төсвийн жилд төрийн өмчийн 310 цэцэрлэгийн 2798 бүлэгт 91235 хүүхэд, төрийн бус өмчийн 423 цэцэрлэгийн 1395 бүлэгт 31204 хүүхэд, нийт 733 цэцэрлэгийн 4193 бүлэгт, 122439 санхүүжих дундаж хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар тооцож, 187.7 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан.
2021 оны төсвийн төсөл нь өмнөх оны батлагдсан төсвөөс 18,2 тэрбум төгрөг буюу 10,7 хувиар буурсан байна. /Хавсралт 1/
Санхүүжих хүүхдийн тоо
Сүүлийн 2 жилийн санхүүжих дундаж хүүхдийн тооны гүйцэтгэл, 2019-2020 оны хичээлийн жилийн статистик тоо мэдээ, 2021-2023 оны төсвийн төслийн санал байрны хүчин чадлын тоо хэмжээг үндэслэн, Засгийн газрын 242 дүгээр тогтоолын аргачлалыг баримтлан төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн санхүүжих дундаж хүүхдийн тоог тооцсон. 2021 онд санхүүжих хүүхдийн тоо өмнөх оны үзүүлэлтээс 6387 хүүхэд буюу 5,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хөрөнгө оруулалт
Улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2021 онд 58 цэцэрлэгийн барилга, 9 бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орохоор тооцон 504 бүлэг, 10086 хүүхэд, 2171 орон тоо, цалин хөлс нэмэгдэл урамшил, НДШ, бусад урсгал зардлыг тооцон 2021 оны төсөвт 18.9 тэрбум төгрөг тусгасан.
Цалин хөлс, урамшуулал
2021 оны батлагдсан төсвийн 58 хувийг багш, ажилтны цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал эзэлж байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мөрдөгдөж байгаа орон тооны жишиг норматив байхгүй тул цалин хөлсийг тооцохдоо 2020-2021 оны хичээлийн жилд статистик мэдээллээр ажиллаж байгаа багш ажиллагсдын орон тоо, сарын үндсэн цалингийн дундажийг тооцохдоо Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дүгээр тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээг тус тус баримталсан.
Төрийн өмчийн 310 цэцэрлэгийн 11936 багш ажиллагсдын үндсэн цалинг 95,7 тэрбум төгрөг, нэмэгдэлд 4,8 тэрбум төгрөг, үр дүнгийн урамшуулалд 8.7 тэрбум төгрөгөөр тус тус тооцон нийт цалин хөлс, урамшуулалын зардалд 109,2 тэрбум төгрөг тусгасан. Байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг 12.5 хувиар тооцон 13.7 тэрбум төгрөгийг тусгасан.
Хүүхдийн хоолны зардал
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан хоолны зардлын дундаж нормативийг баримтлан тооцохдоо хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа болон зардлыг 15,8 хувиар бууруулж, төрийн өмчийн цэцэрлэгийн 91325 хүүхдийн хоолны зардалд 34,8 тэрбум төгрөгийг тусгасан.
Бусад хувьсах зардал
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах” 242 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлыг 23 хувиар бууруулан 1,6 тэрбум төгрөгийг тооцож тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан 10 зардалд хуваарилан тусгасан.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын дагуу төрийн бус өмчийн 423 цэцэрлэгийн 1395 бүлгийн 31204 хүүхдэд ногдох хувьсах зардалд 28,3 тэрбум төгрөг тусгасан.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/650, А/972 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан 136 төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүүхдийн тоог 2019-2020 оны хичээлийн жилийн статистик тоо мэдээг үндэслэн 2021 оны төсвийн төслийн саналд тусгасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/14 дүгээр захирамжийн дагуу цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй , цэцэрлэггүй хороодын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд 3087 хүүхдийг хамруулах, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалын хүрээнд цэцэрлэгт 5 настныг бүрэн хамруулах зэргийг үндэслэн СӨБ-д хамрагдсан нэмэлт 1643 хүүхэд нийт 4730 хүүхдийн хувьсах болон хүүхдийн хоолны зардлыг төсөвт тооцон тусгасан.