НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ НАР ЗАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.
Нийслэлийн мэдээлэл зүйн багш нар 2009 оноос хойш БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын урилгаар тус улсын соёл, мэдээлэл технологийн хөгжил дэвшилтэй танилцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, сургалтад хамрагддаг.
Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар, БНСУ-ын Цахим сургалтыг дэмжих төв хамтран энэ жилийн хувьд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зайн сургалтыг “NAVER BAND” платформ ашиглан 2020 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна.
Нийт 52 цахим хичээлийг орчуулан байршуулсан бөгөөд багш нар цахим сургалтанд хамрагдсаны дараа даалгавараа хийж явуулах юм.
Сургалт 2020 оны 12 дугаар сарын 25 хүртэл үргэлжилж амжилттай төгссөн багш нар сертификатаа гардан авна.
Энэ удаагийн сургалтаар хэрэглээний програм хангамж, програмчлал, робот технологи, мультимедиа технологи, хиймэл оюун ухаан зэрэг агуулгаар зайн сургалт явагдаж байна.
Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургуулийн мэдээлэл зүйн 40 багш хамрагдаж байна.