Нийслэлийн Боловсролын газрын даргын 2021 оны А/78 тушаалаар коронавируст халдварын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Зөвлөлдөх баг”-ийг байгуулсан.
Энэ хичээлийн жилд монгол хэл, бичгийн судлагдахууны “Зөвлөлдөх баг” нь 23 гишүүнтэйгээр ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш нарт зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Энэ удаагийн сургалтыг багш бүрд хүрч ажиллахын тулд багшийн ээлжит хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад зөвлөн туслах, суралцагчдын ялгаатай байдалд тулгуурлан хичээл сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахад нь арга зүйн дэмжлэгийг хэрхэн үзүүлэх зэрэг анхаарах шаардлагатай асуудлуудад чиглэсэн онцлог сургалт боллоо.
Сургалтад оролцогчид сайжруулсан хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад ажиглалт хийх замаар багшийн хичээлийг ажиглах, тэмдэглэл хөтлөх, мэдээлэл цуглуулах, арга зүйн зөвлөгөө зөвлөмжийг хэрхэн өгөх талаар болон үргэлжилсэн, яруу найргийн зохиолыг суралцагчдад шинэлэг байдлаар заах аргад суралцлаа.
Сургалтыг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа нээж үг хэлсэн бөгөөд мэргэжлийн багш нартаа арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах ажилд нь амжилт хүссэн юм.
Энэ удаагийн сургалтад:
БМДИ-ийн гадаад хэлний багшийн хөгжил хариуцсан арга зүйч С.Алдармаа “Хосолсон сургалтын арга зүй” сэдвээр;
Монголын зохиолчдын холбооны гишүүн, Монгол Улсын зөвлөх багш Б.Оюунаа “Уран зохиол заах арга зүй” сэдвээр;
МУБИС-ийн Монгол хэлний танхимын эрхлэгч доктор Д.Соронзон “ЕБС-д монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3-ыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал”-ууд сэдвүүдээр тус тус мэдээлэл танилцууллаа. Мөн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Р.Өлзийхүү зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл, чиглэл өглөө.