НИЙСЛЭЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫН “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Боловсролын газрын даргын “Зөвлөн туслах ажлыг зохион байгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Математикийн багш нарын Зөвлөлдөх багийг 17 гишүүнтэйгээр байгуулсан.
Тэгвэл тус “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багш нарт зөвлөн туслах yp чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, оролцогчдод математикийн сургалтад нэвтрүүлж буй туршлага, боловсрол судлалын анхаарах зарим асуудал, арга зүйн дэмжлэгийг бусдад хүргэх зөвлөмж зэргийг танилцуулж, дадлагажууллаа.
Энэ удаагийн сургалтад:
– “Боловсрол судлал, түүний зарим асуудлууд” сэдвээр МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш, доктор Ш.Ичинхорлоо,
– “Математикийн сургалтад МХХТ-ийг нэвтрүүлж буй сүүлийн үеийн чиг хандлага” файл зохион байгуулалт, “ГеоГебрагийн танилцуулга, гарын авлага”, “Суралцагчдад бүртгэл үүсгэх, материалыг үүсгэх, тайлбарлах, тодорхой сэдвийн хүрээнд материал хайх, цуглуулах” сэдвээр МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор Б.Ганчимэг болон ГеоГебра хүрээлэнгийн менежер нар мэдээлэл хийж, дадлага сургалтыг зохион байгууллаа. Мөн Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.Болдбаатар “Зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудал”-аар мэдээлэл чиглэл өгсөн юм.