НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 122 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн өргөтгөлийн шинэ барилга 2021-2022 оны хичээлийн жилд ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Цамхаг констракшн” ХХК барьж, гүйцэтгэсэн шинэ өргөтгөл 640 хүүхдийн суудалтай бөгөөд спорт болон урлаг заал нь сүүлийн үеийн барилга угсралтын шийдлээр баригдсан юм.
Тус сургууль 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилүүдэд 3 ээлжид шилжих нөхцөл байдал үүсч, түрээсийн байранд хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор сурагчид сургуулийн байрандаа 2 ээлжээр хичээллэх нөхцөл бололцоо бүрдэж байна.
Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд Улаанбаатар хотод 8 сургууль, 19 цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн. Энэхүү төслийн хүрээнд одоогийн байдлаар нийслэл хотод 1 сургууль, 3 цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод байна.