Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн хэмжээнд “Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын теле болон цахим хичээлийн чанар, үр дүнг сайжруулах, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах үлгэрчилсэн төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Төлөвлөгөөнд багш, заах аргын нэгдэл, сургууль, цэцэрлэг, дүүргийн Боловсролын хэлтэс, мэргэжлийн зөвлөлдөх баг, нийслэлийн Боловсролын газраас шат шатандаа хэрэгжүүлэх ажлыг нарийвчлан тусгаж, үүний дагуу боловсролын байгууллагууд тус бүртээ теле, цахим хичээлийн үр дүнг нэмэгдүүлэх, хоцрогдлыг бууруулах талаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Боловсролын газраас теле болон цахим хичээлийн чанар, үр дүнг сайжруулах, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах ажлын явцад тогтмол хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг бүртэй цахим хэлбэрээр холбогдон төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцан үүрэг, заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.
Энэ долоо хоногт сургуулийн өмнөх боловсролын багш нар 8 судлагдахуунаар 7637 цахим хичээл, ерөнхий боловсролын сургуулийн багш нар 52055 цахим хичээл бэлтгэн сурагчдад зааж, теле хичээлийг агуулгыг бататгах болон шинээр агуулгыг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Теле болон цахим хичээлийн чанар, үр дүнг сайжруулах, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах ажилд бүх шатанд хяналт тавьж, үйл ажиллагааг эрчимжүүлж ажилласны үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн теле хичээлд хамрагдалтын хувь 81.64 хувь, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын теле хичээлд хамрагдалтын хувь 90.82-д хүрч, өмнөх 7 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад хамрагдалт 1.64 хувиар нэмэгдсэн байна.