Нийслэлийн шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах, багш, сурагчдад улсын математикийн 59-р олимпиадын III даваанд оролцох нэмэлт эрх олгох зорилготой Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит нийслэлийн математикийн олимпиад D (7-8), E (9-10), F (11-12), S (ББ), T (ДБ) ангилалаар зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Олимпиадын D (7-8) ангилалд 169, E (9-10) ангилалд 158, F (11-12) ангилалд 159 суралцагч, S (ББ) ангилалд 64, T (ДБ) ангилалд 77 багш хамрагдаж, шилдгүүдээ тодруулав.
Энэхүү олимпиадын ивээн тэтгэгчээр “ЦАГААН САН”, Капитрон банк, нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгчид, хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Боловсролын газар, Монголын Математикийн олимпиадын хороо, нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамт олон ажиллалаа.
Дүнгийн хурал 2023.04.03-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж, Цагаан сангийн тэргүүн Ц.Болд, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.Болдбаатар, нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Р.Энхбат, сургалтын менежер н.Эрдэнэбат, н.Манлай, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болон олимпиадын шагналын эзэд оролцлоо.
Олимпиадын зохион байгуулалтыг хангаж, ажилласан нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамт олон болон ивээн тэтгэсэн Монгол Улсын гавьяат багш С.Цагааны гэр бүл, Капитрон банкны хамт олон, 1 дүгээр сургуулийн төгсөгчдөд талархал илэрхийлье.