ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт, гаргах, шийдвэрийг төсөл боловсруулах чиглэлээр Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 25, 58 дугаар сургууль дээр ажиллалаа.

Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, ажлын хэсгийн гишүүн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, БШУЯ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Хуягцогт, Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ болон ХХААЯ, ЭМЯ, МХЕГ, ШУТИС-ийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль” нь ерөнхий боловсролын сургуулийн байршил, өмчийн хэлбэр, өрхийн орлого, эрүүл мэнд, иргэншлийн ялгаатай байдлаас үл хамааран суралцагчдад үдийн хоолны үйлчилгээг тэгш хүргэж, тэдний эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх, өсөлт бойжилт, суралцах идэвхийг дэмжих, сургалтын чанарыг дээшлүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих зэрэг чухал ач холбогдолтой юм.