ГАДААД ХЭЛНИЙ “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Боловсролын газраас гадаад хэлний “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багш нарт зөвлөн туслах ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар коронавируст халдварын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Зөвлөлдөх баг”-ийг байгуулсан.
Тус “Зөвлөлдөх баг” нь нийслэлийн сургагч багш нараас бүрдсэн бөгөөд 2 дахь хичээлийн жилдээ төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хичээлийн жилд судлагдахуун тус бүрээр 25 зөвлөлдөх багийн 403 гишүүд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн сургалтыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга нээж үг хэллээ. Тэрбээр зөвлөлдөх багийн гишүүдэд хандан үндсэн ажлаасаа гадна бусад багш нараа чадавхжуулах ажилд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаад нь талархал илэрхийлээд цаашид зөвлөлдөх багийг дэмжих, чадавхжуулах, урамшуулах талаар төлөвлөж буй ажлуудын талаар дурдсан юм.
Өнөөдрийн сургалтад:
Канадын Конкордиа их сургуулийн Монгол дахь төлөөлөгч, “Зөв тусгал” ТББ -ын захирал Г.Ганзориг “Гадаад хэл-дэвшилтэт арга технологи” сэдвээр,
МУБИС-ийн англи, герман хэлний тэнхимийн багш О.Буд “Гадаад хэлний хичээлийн соёл” сэдвээр,
“Сэлбэ” сургуулийн гадаад хэлний хөтөлбөр хариуцсан менежер Х.Нинж-Эрдэнэ “Ээлжит хичээлийг үр дүнтэй зохион байгуулах арга зүй” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Т.Сараннэмэх зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл, чиглэл өглөө.