БСШУС-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮД НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар нар Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж буй онцлох ажлууд болон 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.
Цэцэрлэгийн бүртгэл элсэлтийг 5, сургуулийн элсэлтийг 3 дахь жилдээ цахимаар зохион байгуулснаар элсэлтийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болсон, орон зай цаг хугацаа хамаарахгүй хаанаас ч бүртгүүлэх боломжтой болж сургууль цэцэрлэгийн ачаалал буурсан талаар онцоллоо.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн их засварын санал авах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн иргэн аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийг цахим хаягаар хүлээн авдаг болсон талаар танилцуулав.
2021-2022 хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан танхимын болон зайн сургалтыг зохион байгуулах, 3 ээлжээр хичээллэж болзошгүй сургуулиудыг сургалтын зориулалтаар ашиглаж болох байрыг түрээслэх замаар сурах орчинг бүрдүүлж байгаа зэрэг асуудалд БСШУС-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдийн зүгээс сайшаалтай хандаж буйгаа илэрхийлсэн юм.