Боловсролын ерөнхий газраас 7 хоног бүрийн Мягмар гарагийн 09:00 цагаас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарын шуурхайг цахимаар зохион байгуулдаг.
Энэ удаад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулганд дарга нар хүрэлцэн ирж оролцсонтой холбоотой ээлжит шуурхайг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр танхимаар зохион байгууллаа.
Шуурхай хурлыг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир удирдан чиглүүлж, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Сургуульд суурилсан менежмент” сэдвээр, Архангай аймгийн БШУГ-ын дарга З.Мөнхтогтох “Төсвийн гүйцэтгэл, зарцуулалт сэдвээр, Боловсролын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, хоол үйлдвэрлэл, насан туршийн боловсролын хамтын ажиллагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, ойлголтоо нэгтгэлээ.


