ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР БАРИГДСАН БЗД-ИЙН 53 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
     Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 432 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтад орсноор тус дүүргийн 8,16,19,24-р хорооны хамран сургах тойргийн 3000 хүүхдээс 1000 хүүхдийг шинээр хамруулж нийт 80 бүлэгт 128 багштайгаар 2732 хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж, 3 ээлжээс бүрэн гарч 2 ээлжинд шилжлээ.
     Анги танхимын зохион байгуулалт, тохижилт нь сурагчдын аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрэн хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг давхар бүрдүүлсэн жишиг сургууль боллоо.
Сургуулийн өргөтгөлийн нээлтийн ёслолын арга хэмжээнд монголын талаас УИХ-ын гишүүн С.Саранчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Боловсролын газрын санхүү хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Япон улсын талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамура Эрико болон бусад албаны хүмүүс оролцлоо.
     Монгол улсын Засгийн газар, Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх гэрээнд анх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан.
     Уг төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Үүнд:
1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга
Төслийн захиалагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэшнл”, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажилласан.