Багануур дүүрэгт 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн 9 цэцэрлэгт 2113 хүүхэд, төрийн ба төрийн бус өмчийн 4 сургуульд 6882 сурагч суралцаж байна.
Насан туршийн боловсролын төвд 41 суралцагч, “Гэрэлт-Ирээдүй” МСҮТ-д 198 суралцагч суралцаж байна.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс тус дүүрэгт ажиллах үеэрээ хэд хэдэн боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
Багануур дүүргийн малчид голдуу төвлөрөн суурьшдаг 2 дугаар хороонд 2019 онд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн. 4 жилийн турш бүтээн байгуулалт үргэлжилсэн ч өнөөдөр ашиглалтад ороогүй байна. Барилгын компанийн удирдлагууд болон хяналт тавьж байгаа хүмүүсийг байлцуулан 5 дугаар сар гэхэд дуусгах чиглэлийг БШУ-ны Сайдаас өглөө.
Өнөөдөр улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор 235-р цэцэрлэгт ажиллалаа. Мөн энэ үеэр тус цэцэрлэгийн гадна талбайн тохижилт хийгдээгүйг анхаарч ажиллахаар болов.
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн багш, ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр багш нарын цалин, нийгмийн хамгаалал, сургуулийн менежментийг сайжруулах зорилт, боловсролын багц хууль гэсэн багц сэдвээр мэдээлэл өгч асуултад хариуллаа.