“АКАДЕМИК ТҮНШЛЭЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүс ОХУ-ын Холбооны статустай ТОП 10 сургуулийн нэг М.К.Аммосовын нэрэмжит Хойд Дорнодын холбооны их сургууль, Арктикийн соёл урлагийн улсын их сургууль, Сахагийн БНУлсын хөгжмийн их сургуулиудын нэгдсэн их сургуулийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд Монгол, Орос /Саха-Якут/ боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэж, хөгжүүлэх шаардлагатай тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, “Академик түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгууллаа.
Дээрх их сургуулиудын төлөөллүүд Монголын их дээд, дунд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудаар зочилж, сургуулиудын удирдлага, ажилтнуудтай уулзаж танилцан, оюутан сурагчдад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус сургуулиудад элсэн суралцах мэдээллийг өгөхөөр Монгол улсад ажиллаж байна.
“Академик түншлэл” хөтөлбөрийн санаачилга нь энэ жил ОХУ-ын Засгийн газраас манай улсад олгож байгаа 620 тэтгэлэгт хөтөлбөр, түүнчлэн 2021 оны 12 дугаар сард баталсан “БШУЯ, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд эхний ээлжинд дараахь чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа тогтоох, өргөжүүлэх боломжтой болж байна. Үүнд:
– Багш ажилтнуудаа магистрын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтад оролцуулах,
– Багш ажилтнуудаа богино хугацааны мэргэжил дээшлүүлэх болон хөрвөх сургалтуудад хамруулах,
– ЕБС, МСҮТ-үүд төгсөх ангийн сурагчдаа 130 гаруй мэргэжлээс сонгон бакалаврын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах,
– Их дээд сургуулиудын бакалаврын төгсөх ангийн оюутнууд магистрын 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтад оролцуулах,
– Багш, оюутан, сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
– ОХУ-ын их сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагааны Санамж бичиг, хэлэлцээр байгуулах.
“Академик түншлэл” хөтөлбөрийн хүрээнд цаашид ОХУ-ын тэргүүлэх их сургуулиуд, боловсролын байгууллагуудаас олон талын харилцаа хамтын ажиллагааг тогтоохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд тухайн их сургуулиудын стратеги хөгжил, шинжлэх ухаан боловсролын тэргүүлэх чиглэлүүдээс хамааран Монголын улсын эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга, уул уурхай, мэдээллийн технологи зэрэг бүхий л чиглэлийн байгууллагууд энэхүү хөтөлбөрт оролцох боломжтой болох юм.