“НИЙСЛЭЛИЙН БАГШ-БИДНИЙ БАХАРХАЛ” БАГА АНГИЙН БАГШ НАРЫН АНХНЫ ЭКО АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОГНОО : 2019/11/19 УНШСАН: 325

Нийслэлийн бага ангийн 90 багшийн ОХУ-ын Улаан-Үд хот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуультай танилцах, туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх анхны эко аялал 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд амжилттай сайхан зохион байгуулагдлаа.

Аяллын эхний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1 ба 2 дугаар сургуультай танилцан туршлага судаллаа. Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний сургуулиудын удирдлагын менежмент, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга туршлага, үйл ажиллагаатай  газар дээр нь танилцаж, бага боловсролын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйгээс суралцлаа. Урлаг, спортоор дэлхийд нэрээ дуурсгасан  сурагч хүүхэд багачуудаараа бахархсан багш удирдлагууд, тохилог таатай сургалтын орчин, багш нараа дээдлэн сургуулиа дэмждэг эцэг эхчүүдээр нь бахархмаар шилдэг тэргүүний  сургуулиуд байлаа.

Дараагийн аялал маршрут ОХУ-ын Буриадын тэргүүний 1 дүгээр сургуулиар орсон бөгөөд урлаг, спорт, авьяас зэрэг 49 чиглэлээр сурагчдыг хөгжүүлж, оюун ухаан, бие бялдар, урлаг гоо зүй, үндэсний өв соёлоо сурталчилах үйл ажиллагаагаар улсдаа тэргүүлдэг сургууль байлаа. Өөрийн дотуур байртай, боксын иж бүрэн заалтай, сурагчиддаа үндэсний зан заншил, уламжлалаа дээдлэн хүндэтгэдэг мэдлэг, чадвар хандлагыг төлөвшүүлдэг, өвлүүлэн үлдээдэг арга туршлагаас нь суралцлаа.

Мөн 102 жилийн түүхтэй Иволгин сургуулийн үйл ажиллагаатай танилцсан ба орос буриад маягаар хүлээн авсан нь үнэхээр шинэлэг байлаа. Сургуулийн хамгийн онцлог түүхийн музейгээр айлчилсан бөгөөд зөвхөн сургуулийнхаа түүхийг бус Буриад улсын, Улаан-Үд хотын, Иволгин тосгоны ард түмний түүх дурсгал, өв уламжлал, ажил хөдөлмөр, хөгжил цэцэглэлт, аж байдлын өөрчлөлт дэвшлийг харах, түүхийн хичээлийг зохион байгуулах боломжтой сайхан музей байлаа.

Аяллын туршид багш нар маань үзсэн харсан зүйлээрээ хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд багш бүр сурсан мэдсэнээ хуваалцсан сайн үйл ажиллагаа болсон. Аялалын явцад аялал хариуцсан компаний зүгээс АХА тэмцээн зохион байгуулсан нь  9 дүүргийн бага ангийн багш нарын төлөөлөл болсон 90 багшийн эрдэм мэдлэгийг хуваалцсан, хамтын үйл ажиллагаа байлаа.  Хөгжилтэй, адал явдалтай, эрдэм мэдлэгтэй, эерэг хандлагатай сайхан аялал байлаа.

Аяллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн  Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Ц.Отгончимэг нартаа бага ангийн багш нарын зүгээс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ