“БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙН СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН IV ШАТНЫ ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ОГНОО : 2019/06/05 УНШСАН: 499

Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшинд төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах зорилготой  Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 2015-2018 оны хооронд нийтдээ 3 үе шаттайгаар ерөнхий боловсролын сургуулийн 1100 төсөлд тэтгэлэг олгосон.

2018-2020 онд хэрэгжүүлэх Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн IV шатны төслийг “Нэгдүгээр ангийн суралцагчдын сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадварыг дэмжих”, “Багшийг ажлын байранд хэрэгцээнд нь тулгуурлан хөгжүүлэх, бусдаас суралцах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох”, “Суралцагчдад ялгавартай хандах арга зүй, аргачлалыг туршин хэрэгжүүлэх”, “Дотуур байранд амьдардаг бага ангийн сурагчдын сурлагын амжилтыг хичээлийн бус цагаар дэмжих”, “Бага боловсролын сургалтын менежерүүдийг чадавхжуулах”  гэсэн бага боловсролд тулгамдаж буй 5 гол асуудлаар зарлаж, төсөл сонгон шалгаруулах шийдвэрийг гаргасан билээ. Тус ажлын хүрээнд 2019 оны 1, 2 дугаар саруудад нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага ангийн сургалтын менежер, бага ангийн багш нарт төсөл хэрхэн бичих талаар сургалт зохион байгуулсан.

Нийслэлийн 8 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас дээрх 5 чиглэлээр 181 төсөл ирүүлсэнээс нийслэлийн 51 сургууль, 5 дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн 4 чиглэлээр боловсруулсан 1 242 186 572 төгрөгийн 63 төсөл шалгарсан ба БСШУС-ын сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/284 дүгээр тушаалаар төсөл хэрэгжүүлэх дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиудыг зарлаж, санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүнд: нэгдүгээр ангийн суралцагчдын сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадварыг дэмжих чиглэлээр 29 төсөл, суралцагсдад ялгавартай хандах арга зүй, аргачлалыг туршин хэрэгжүүлэх чиглэлээр 26 төсөл, дотуур байранд амьдардаг бага ангийн сурагчдын сурлагын амжилтыг хичээлийн бус цагаар дэмжих чиглэлээр 3 төсөл, бага боловсролын менежерүүдийг чадавхжуулах чиглэлээр 5 төсөл шалгарсан байна. Мөн 2 төсөл нь шалгарсан БЗД-ийн 21, БНД-ийн Гүн Галуутай ЦС, СБД-ийн 1, СХД-ийн 76, 121, 129-р бага, ХУД-ийн 135-р бага сургууль, нийт 7 сургууль байна.

Сургуулийн  тэтгэлэгт хөтөлбөрийн IV шатанд төсөл хэрэгжүүлэх эрхээ авсан 5 дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын 51 сургуулийн захирлууд Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгатай  гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Багшийн хөгжлийн ордны хурлын их танхимд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Үйл ажиллагаанд НБГ-ын газрын дарга Ж.Гантулга, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, БСШУСЯ-ны “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн техникийн ахлах зөвлөх Ц.Хишигбуян, төслийн ажилтан н.Халиун болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын менежерүүд, бага ангийн багш нарын төлөөлөл оролцлоо.

Сургалтын орчин, багш, хүүхдийн хөгжлийг дэмжиж оюуны  хөрөнгө оруулалт хийсэн БСШУСЯ,  Боловсролын чанарын шинэчлэл төслийн хамт олон, идэвх санаачилга, судалгаа тооцоотой ажиллаж төсөл нь шалгарсан сургуулийн удирдлага, багш нартаа талархал илэрхийлэн төслөө амжилттай хэрэгжүүлэхийг хүсье.

 

Та бүхэнд амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ