Шинээр баригдаж буй хороолол, хотхонд сургууль, цэцэрлэг зайлшгүй төлөвлөж бариулах талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
ОГНОО : 2019/05/24 УНШСАН: 475

Шинээр баригдаж буй хороолол, хотхонд сургууль, цэцэрлэг зайлшгүй төлөвлөж бариулах талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

                 Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөлтөөр шинээр баригдаж буй хороолол, хотхонд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгддөг боловч барилга угсралтын явцад төлөвлөлт өөрчлөгдөж сургууль, цэцэрлэггүй хороолол, хотхонууд баригдаж, ашиглалтад орж байна.

                Баянмонгол, Их Монгол, Кристал таун, Рапид, Жапэн таун, Богд Ар, Голден парк, Алтайзэрэг олон хороололд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг байхгүйгээс эдгээр хорооллын оршин суугчдын хүүхдүүд Улаанбаатар хотын бусад хэсгийн сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа нь сургууль, цэцэрлэгийн хэт ачаалал үүсгэх, хотын замын түгжрэл бий болох үндсэн шалтгаан болж байна.

               Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлгийг Нийслэлийн Боловсролын газраас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ, НБГ, НХОГ, НГЗА, НХТХГ, НХААГ-ын холбогдох удирдах ажилтнууд, АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Төслийн нэгжийн ажилтнууд, нийслэлийн сургуулиудын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

                Хэлэлцүүлгийн үр дүнд Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа дараах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.

  1. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт:

    Шинээр баригдаж буй орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн төлөвлөгөөнд Монгол Улсын “Хот,тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг зайлшгүй төлөвлөж, хэрэгжилтийг чанга мөрдөж ажиллах;

  2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд:

Шинээр баригдахаар батлагдсан орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн газрыг хороолол, хотхоны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө Нийслэлийн Боловсролын газрын нэр дээр шилжүүлж, батлуулах.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ