"МИНИЙ МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ" ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/05/30 УНШСАН: 356

"МИНИЙ МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ" ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, “JCI” ТББ-тай хамтран “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааныг 1 сарын хугацаатай зарлаж, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 8, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргалаа.

“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ” эсээ бичлэгийн уралдааны зорилго нь сургуулийн орчин дахь эрсдэл, тэдгээрийг бууруулах арга замыг тодорхойлоход хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоотой эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин бүрдүүлэх, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцох, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах бүлгийн 8, 10, 11 дүгээр ангийн сурагчид оролцож, 49 сургуулийн 250 гаруй сурагч бүтээл илгээсэн байна. Эхний шатны шалгаруулалтаар 18 эсээ шалгарч, шалгарсан сурагчид эсээний утга санаагаа илтгэл тавих хэлбэрээр илэрхийлж өрсөлдсөн.

Илтгэлийн шагнал гардуулах үйл ажиллагааны нээлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нээж үг хэллээ. Тэрээр: “Та бүхний бичсэн эсээг уншихад сэтгэл хөдөлгөсөн мөн эмзэглүүлсэн, бидний ажлын зүг чигийг заасан, ажил хэрэг болгохуйц олон санаа туссан байна. Бид хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож, эсээнд тусгасан санаа бүрийг ажил хэрэг болгохын төлөө явах болно. Өнөөдөр эсээ бичлэгийн уралдаанд бусдыгаа манлайлан оролцсон шигээ үргэлж үг үйлдэл бүрээрээ манлайлагч байхыг хүсье.” гээд оролцогчдод амжилт хүслээ.

Сургуулийн орчны эрсдэлийг хүүхдүүд эсээгээр илэрхийлж байгаа нь уг уралдааны бас нэг онцлог байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газраас 2019-2020 оны хичээлийн жилийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. БСШУСЯ-наас 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил" болгон зарлаад байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчны үнэлгээгээр нийт сургуулийн 13 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Орчны эрсдэлийг бууруулахад хүүхдүүдийн оролцоо, хүсэл, санаа бодол чухал үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн уралдаан олон талын үр өгөөжтэй болохыг зохион байгуулагчид хэллээ.

Уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10:00 цагт Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулж, уралдаанд оролцсон 232 сурагчид батламж гардуулж, шилдэг эсээг шалгаруулж сурагчдыг шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ