УЛСЫН МАТЕМАТИКИЙН 55 ДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОГНОО : 2019/05/07 УНШСАН: 501

УЛСЫН МАТЕМАТИКИЙН 55 ДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Улсын математикийн 55 дахь удаагийн олимпиадыг Улаанбаатар хотноо 2019 оны 4 сарын 29-нөөс 5 сарын 4-ныг хүртэлх өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний “Шинэ-Үе” сургууль зохион байгууллаа.

Энэ удаагийн улсын математикийн олимпиадад манай орны 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс шалгарсан дунд ангиллын 101, ахлах ангиллын 83, нийт 184 сурагч, 60 багш 29 багт хуваагдан оролцож оюун ухаан авъяас чадвараа сорин уралдлаа.

Ардын багш Ү.Маам захиралтай улсын тэргүүний “Шинэ үе” сургуулийн хамт олон УМО-55-ыг хүлээн авахаар Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтран бэлтгэл ажлаа хангасан. Энэ удаагийн улсын олимпиадын гол онцлог нь нийслэлийн дүүргүүдийг төлөөлсөн багууд бие даан орох боломжтой болсон байна. Ингэснээр нийслэлийн захын сургуулиудын авьяаслаг багш, сурагчдын математик хөгжилд томоохон үр нөлөө үзүүлнэ хэмээн ММОХ-ны зүгээс үзэж байна.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Ерөнхий Боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, ММОХ-ны дарга Г.Баярмагнай болон математикийн шинжлэх ухаанд сэтгэл зүрхээ зориулж буй ахмад, залуу үеийн төлөөлөл болсон  багш нар оролцлоо.

Математикийн олимпиадад бэлтгэж уйгагүй хичээллэснээр математик сэтгэлгээнд суралцаж аливаа зүйлд баригдахгүй чөлөөтэй, бүтээлчээр сэтгэх, асуудлын шийдлийг хайх арга барил эзэмшдэг. Хамгийн гол нь хүн өөрийн хүсэл сонирхлоороо ямар нэгэн дарамт шахалтгүй орчинд суралцаж байж амжилт гаргах боломж нь нээгддэг. Математикаар хичээллэж олимпиад, уралдаанд амжилттай оролцдог сэтгэх чадвар нь хөгжсөн математик суурьтай сурагчид физик, хими, биологи, мэдээлэл зүйн чиглэлээр амжилт үзүүлэх боломж өндөр байдаг.

ОУМО-ын 60-р олимпиад 2019 оны 7 дугаар сард Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Баттын Их сургууль дээр болно.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ