НИЙСЛЭЛИЙН БАГА АНГИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОГНОО : 2019/05/06 УНШСАН: 581

Бага боловсролын залуу багш нарын үйл ажиллагааг сурталчлах, тэдний  нэр хүндийг өргөж, хамтын ажиллагааг сайжруулан  хүүхэд бүрийг хөгжүүлэх, хичээл заах арга туршлагыг түгээн дэлгэрүүлж, ээлжит  хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 1-5 жил ажиллаж байгаа залуу багш  нарын  ур чадварын уралдааныг  5 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд ХУД-ийн 52 дугаар сургууль дээр зохион байгууллаа.  

Энэхүү уралдааныг  уламжлал болгон 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд  “Номын анд” ТББ-ийн тэргүүн Т.Оюун,  “Оюунлаг сайн үйлс” ХХК-ий захирал З.Мягмарсүрэн нар ивээн тэтгэлээ.

Уралдаанд дүүрэг бүрээс шалгарсан 2 залуу багш,  Багахангай дүүргээс  1, нийт 17 бага ангийн залуу багш  оролцлоо.  Энэхүү  ур чадварын уралдаан нь хичээл заах,  самбарын бичиглэл гэсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд багш нар урьдчилан анги сэдвээ сугалан заах аргын нэгдлийн багш нартайгаа хамтран ээлжит хичээлийн хөтөлбөрөө боловсруулан арга зүйд суралцлаа. Мөн сонгож өгсөн эхийг цээжээр самбарт алдаагүй, цэвэр сайхан бичиж ур чадвараа сорилоо. Залуу багш нарыг  хүүхэд бүрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн буюу сурагчдын оролцоо, дадал хэвшил, зан чанарыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байдал, сурагчдын анхаарал, сонирхлыг татахуйц сэдэлжүүлсэн эсэх, энэ нь хичээлийн зорилгод хөтөлж чадсан байдал,  хичээлийн агуулга нь сурагч бүрд тохирсон эсэх, оновчтой арга зүйг сонгон хэрэглэсэн байдал, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжтэй, оновчтой байдал, багшийн эв дүй, ур чадвар, сурагчдыг үнэлгээгээр идэвхжүүлж буй байдал зэрэг шалгуураар үнэлэн 2 шатны нийлбэр дүнгээр  байр эзлүүллээ.

Уралдааны нийлбэр дүнгээр 1 дүгээр байрыг Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн бага ангийн багш Ч.Мөнхнаран,  2 дугаар байрыг Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн бага ангийн багш Г.Урангоо,  3 дугаар байрыг Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн бага ангийн багш Э.Шинэхүү, тусгай байрыг Сүхбаатар дүүргийн “Хобби” сургуулийн бага ангийн багш М.Ууганцэцэг, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн бага ангийн багш З.Анаргүль нар тус тус эзэлж, багшийн эв дүй, ур чадвараараа шалгарлаа.  Уралдаанд амжилттай оролцсон нийт залуу багш нартаа ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мөн энэхүү уралдааныг зохион байгуулалтаар хангаж ажилласан Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар, 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд, бага ангийн сургалтын менежер Б.Золзаяа, П.Баярцэцэг болон 52 дугаар сургуулийн бага ангийн идэвхтэй, оюунлаг сурагчдадаа баярлалаа. Залуу багш нарыг өсөн дэвжиж хөгжихөд дэмжлэг үзүүлсэн ивээн тэтгэгч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ