"БИ МОНГОЛ ХҮҮХЭД" ЁС ЗАНШЛЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/21 УНШСАН: 313

Нийслэлийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах  "БИ МОНГОЛ ХҮҮХЭД"  ёс заншлын наадам Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.  Тус наадмын нээлтэд Нийслэлийн Боловсролын орлогч дарга Ц.Отгончимэг, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, 58 дугаар сургуулийн захирал Д.Болд нар оролцож үг хэллээ.

Тус наадам нь 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 1 дүгээр шатыг сургууль бүр, 2 дугаар шатыг дүүрэг бүр зохион байгуулж, шалгарсан эхний 2 баг 3 дугаар шатанд оролцлоо. Энэ удаагийн наадамд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багануур дүүргүүдээс шалгарсан 15 сургуулийн I-V ангийн 150 сурагч, бага ангийн 30 багш  оролцож, монгол ёс заншил, ардын тоглоом наадгайгаар авъяас чадвар оюун ухаанаа сорин өрсөлдлөө. "БИ МОНГОЛ ХҮҮХЭД" ёс заншлын наадмыг

1-р анги Алаг мэлхий өрөх, тайлбарлах

2-р анги Шагай няслах

3-р анги Шагай шүүрэх

4-р анги Алтан хонх

5-р анги Бүтээл урлах 

Багийн мэндчилгээ, үлгэрийн орноор, гэрийн даалгавар гэсэн ганцаарчилсан болон багийн төрлүүдээр зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Багийн дүнгээр  Баянгол дүүргийн "БИ МОНГОЛ" баг түрүүлэн хошой аварга болж шилжин явах цомыг үүрд хадгалахаар боллоо. Дэд байрыг  Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн "ХАМАГ МОНГОЛ" баг, гутгаар байрыг Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн "ХӨХ МОНГОЛЫН ҮР САД" баг, тусгай байрыг Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн “ХӨХ ТОЛБОТ” баг, Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн “ОЮУНЛАГ БАГАЧУУД” баг тус тус эзэлж, амжилтын эзэд боллоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр Нийслэлийн Боловсролын газрын зөвлөх багш Т.Оюун, АБТА, СТА, нийслэлийн хөгжмийн сургагч багш Л.Энхцэцэг, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Л.Уртнасан нар ажиллалаа. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс, 58 дугаар сургуулийн захиргаа, бага ангийн заах аргын нэгдлийн хамт олондоо талархал илэрхийлье. Тэмцээнд оролцсон нийт багш, сурагчид болон бэлтгэл ажлыг ханган ажилласан багш, хамт олонд нь баярлалаа. Энэхүү наадамд оролцогсдын бэлтгэл ажил болон ур чадвар сайжирч, сургууль, хамт олон, эцэг эхчүүд, сурагчдын оролцоо нэмэгдсэн байна. Хамтран ажилласан Дүүргийн бага боловсролын мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ