МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ЖИШИГ КАБИНЕТИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/09/16 УНШСАН: 511

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ЖИШИГ КАБИНЕТИЙН НЭЭЛТ БОЛЛОО

 

Нийслэлийн Боловсролын газар Шинжлэх ухаан технологийн мэдээлэл холбооны технологийн их сургууль, “Ирээдүйн Монгол” ТББ-тай хамтран БНСУ-ын “Smilegate ХХК-ний санхүүжилтээр Мэдээллийн технологийн орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах, сурагч, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл зүйн жишиг кабинет байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр  БЗД-ийн 79 дүгээр сургуульд орчин үеийн шийдлээр тохижуулсан сургалтын орчин, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл бүхий сургалтын агуулгыг сурагчдад эзэмшүүлэх бүрэн боломжтой иж бүрэн мэдээлэл зүйн кабинетийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Орчин үеийн шийдэл бүхий Мэдээлэл зүйн кабинетийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд НИТХ-ын Төлөөлөгч бөгөөд МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын Төлөөлөгч Б.Сүхбаатар, БЗД-ийн ИХ-ын Төлөөлөгч Г.Хонгор, Төлөөлөгч Б.Дэмбэрэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны Технологийн сургуулийн багш, дэд профессор, доктор Ц.Хүрэлбаатар, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, БНСУ-ын “Smilegate ХХК-ний захирал Ян Дун Ги, “Ирээдүйн Монгол” ТББ-ын захирал Б.Золзаяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг төслийг БНСУ-ын “Smilegate ХХК-ний санхүүжилтээр 2 дахь жилдээ амжилттай  хэрэгжүүлж байна.

 

2018 онд:

  • Нийслэлийн 3 сургуульд Мэдээлэл зүйн кабинет байгуулсан. Эдгээр кабинетийн орчин болон техник хэрэгсэлд 315 сая төгрөг зарцуулсан байна.
  • Мэдээлэл зүйн 130 багшид алгоритм ба програмчлал, мультимедиа, веб технологи, ухаалаг систем ба робот технологи гэсэн агуулгаар 16 цагийн сургалт зохион байгуулсан. Уг сургалтыг зохион байгуулахад 20 сая төгрөг зарцуулсан.
  • Сурагчдын дунд Робот зохион бүтээх уралдааныг зохион байгуулсан.
  • Багш нарын дунд сургалтын хөтөлбөр төлөвлөгөөтэй уялдуулан гар утасны аппликейшин, интерактив веб бүтээлийн уралдаан зохион байгуулж амжилттай оролцсон багш нарыг 8 сая төгрөгөөр шагнаж урамшуулав.

2019 онд:

Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийг сонгон авч 110 сая төгрөгөөр мэдээлэл зүйн кабинетийг байгуулан хүлээлгэн өглөө. Цаашид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, мэдээлэл зүйн багш нарын ахисан түвшний сургалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ