БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 25 ДУГААР ХОРООНЫ 256 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
ОГНОО : 2019/09/09 УНШСАН: 286

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 25 ДУГААР ХОРООНЫ

256 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

 

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 256 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ, хороо бүрд цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэнэгэж заасан байдаг.

Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийж байгаа 25 дугаар хорооны 256 дугаар цэцэрлэг нь 200 хүүхдийн хүчин чадалтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Үлэмж биз” ХХК барьж, 8 бүлэгт 330 хүүхэд, 38 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

2016 оны 8 дугаар сард нийслэл хотод цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн хамрагдалтын хувь 69.0 хувь байсан бол өнөөдөр 84.0 хувьд хүргэхээр ажиллаж байна. Энэхүү 2019 онд шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж буй 73 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор, төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадлыг 12255-аар нэмэгдүүлж, цэцэрлэгийн хамрагдалтын хувийг 85-иас дээш хувьд хүргэх бололцоо бүрдэнэ.

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын Орлогч дарга Л.Буянтогтох, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ