НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН НИЙТ ХАМТ ОЛОН, СУРАГЧ БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
ОГНОО : 2019/09/01 УНШСАН: 355

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН НИЙТ ХАМТ ОЛОН, СУРАГЧ БАГАЧУУДДАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр, хүүхэд бүрийн сэтгэл догдлон хүлээдэг “Эрдмийн баяр”-ын өдөр.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд 10,12, 14 цагуудад хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа бөгөөд УИХ-ыг гишүүд, Засгийн газрын гишүүд, Засаг даргын албаны хүмүүс, нийслэл, дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс хуваарийн дагуу сургуулиудын нээлтэд оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох болон дүүргийн төлөөллүүд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн “Эрдмийн баяр”-ын нээлтэд оролцож багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Засаг дарга нээлтийн үйл ажиллагаанд 72 дугаар сургуулийн сурагчидтай хамт автобусаар зорчин сургууль ирэх замдаа тэдний санаа бодлыг сонсож, сургуулийн зарим тулгамдсан асуудалд анхаарал хандуулна гэдгээ хэллээ.

Нээлтийн үеэр “Нийгмийн үндэс баялаг болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, бахдам үйл бүтээж яваа үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ хичээлийн жилийн баярын мэндийг хүргээд ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтран зүтгэе, мөн монголын гэрэлт ирээдүй болсон сурагч багачууддаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчильегэлээ. 

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн 241 цэцэрлэгт 91278 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33094 хүүхэд, нийт 695 цэцэрлэгт 124372 хүүхэд хүмүүжиж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 84.0 хувьд хүрэх төлөвтэй байна. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 138 сургуульд 259240 хүүхэд, төрийн бус өмчийн 115 сургуульд 34844 хүүхэд, нийт 253 сургуульд 294084 хүүхэд суралцах, үүнээс нэгдүгээр ангид 38232 хүүхэд суралцах төлөвтэй байна.

Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх Засгийн газрын болон нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд  нийслэлийн хэмжээнд Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үүнээс 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өмнө нийслэл хотод 9 сургууль, 15 цэцэрлэг, 3 спорт заалны барилга ашиглалтанд орж, сургуулийн хүчин чадлыг 4860, цэцэрлэгийн хүчин чадлыг 2465-иар нэмэгдүүлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 20 ерөнхий боловсролын сургуулийн 166 бүлгийн 7012 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилийн эхнээс нийслэлийн бүх сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж талаар зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

Нийслэлийн төрийн өмчийн  цэцэрлэгийн “Цахим бүртгэл, элсэлт”-ийн үйл ажиллагаа 3 жилдээ амжилттай явагдаж, элсэлтийн үр дүнг системд бүртгүүлсэн гар утас болон цэцэрлэгийн нээлттэй самбараар мэдээллэн ажиллалаа.

Мөн “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд үндэсний сургагчаар бэлтгэгдсэн 545 багш 8 дугаар сарын 15-23-нд  21 аймагт сургалтаа амжилттай зохион байгуулсан бол нийслэлийн хэмжээнд судлагдахуун тус бүрээр нийслэлийн ЕБС-иуд дээр төвлөрүүлэн зохион байгуулж нийт 16,825 багш хамрагдлаа

Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтан, эрдэмтэн судлаачид, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн боловсролын салбарт бүтээлч, манлайлагчид байж, монгол улсын хөгжлийн хурдасгуурд үнэтэй хувь нэмрээ оруулж яваад тань талархаж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ