ЗӨВЛӨМЖ
ОГНОО : 2019/05/29 УНШСАН: 621

ЗӨВЛӨМЖ

/2018-2019 оны хичээлийн жил/

 

Нийслэл Улаанбаатар хотод 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 264,240 сурагч, цэцэрлэгт 117,231 хүүхэд багачууд сурч хүмүүжиж, сургууль, цэцэрлэгт нийт 29,965 багш, ажилтан ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын нийт хүн амын 1/3 нь энэ салбартай хамааралтай байна. Цаашид энэ тоо жил ирэх тутам улам өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, зарим сургуулиуд 3 ээлжээр хичээллэж, анги бүлэг дүүргэлт норматив хэмжээнээс хэтэрсэн байгаа нь сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчин, тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, анги, танхимийн ашиглалтад сөргөөр нөлөөлдөг. Жил бүр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварын зардалд улсын төсвөөс тодорхой хэмжээний зардал төлөвлөдөг боловч дунджаар 1 сургуульд 12.5 сая төгрөг, 1 цэцэрлэгт 3.3 сая төгрөг тус тус ногдож байгаа нь сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчин, анги танхимын засварыг бүрэн хийхэд хүрэлцэхгүй байна.

Иймд сургууль, цэцэрлэгийн зөвлөл, эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг оролцоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги, танхимыг засварлах ажлыг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж хүүхдийн сурч хүмүүжих эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана уу.

Хүүхдийн эрүүл аюулгүй, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн анги танхимын засвараас бусад төгсөлт, эрдмийн баяр, ойн арга хэмжээ, төлбөртэй давтлага, бэлэг дурсгал өгөх, ном гарын авлага, үзвэрийн билет зарах зэргээр хууль бус төлбөр хураамж авахыг таслан зогсоож, холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллахыг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, эцэг эхийн зөвлөлд анхааруулан энэхүү зөвлөмжийг хүргүүлж байна.     

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ