МОНГОЛЫН БАГШ НАРЫН VII ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОГНОО : 2019/04/15 УНШСАН: 879

МОНГОЛЫН БАГШ НАРЫН VII ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болсон Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 12-ны  өдрүүдэд Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Монголын багш нарын VII их хуралд нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн боловсролын хэлтсийн дарга,  мэргэжилтнүүд, ЕБС, СӨБ-ын удирдах ажилтан, багш нарын төлөөлөл бүхий 200 хүн төлөөлөгчөөр оролцлоо.

Их хурлыг угтан нийслэлийн 987 төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн 18800 гаруй багш нарын санал,  хүсэлтийг авч нэгтгэн, багцалж БСШУСЯ-нд хүргүүлэн, их хурлаас гарах шийдвэрт тусгууллаа. Нийслэлийн боловсролын байгууллагын багш, ажилтнаас гарсан Боловсролд урт хугацааны стратеги, бодлого шаардлагатай тухай, хичээлийн жилийн бүтэц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний тогтворгүй байдал, сурах бичгийн агуулгыг тогтвортой байлгаж, хүртээмжийг нэмэгдүүлэн, үнийг бодитой тогтоох, Сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хөгжлийн ахицын түвшинг үнэлж буй одоогийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, шинэчлэх, Багшийн хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшийн тэтгэвэрийн насыг (хүсвэл) эрэгтэй 55, эмэгтэй 50 болгох, багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалтын хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгох, боловсролын салбар дахь эцэг эхийн оролцоо, дэмжлэг, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэрэгжилтийг зохион байгуулах аргачлал, аргазүйн шийдэлтэй боловсруулж их хурлын индрээс Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Ө.Сарантуяа, Налайх дүүргийн “Голомт цогцолбор сургуулийн багш Б.Нарангэрэл нар нийслэлийн багш нараа төлөөлөн их хурлын төлөөлөгчдөд хүргэлээ.

Монголын багш нарын 7-р их хурлаар өнөөгийн боловсролын тогтолцоо, сургалтын бодлого, үйл ажиллагаа, багшийн мэдлэг чадвар, заах арга барил нь манай улсын ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэх шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хэлэлцсэн, тодорхой үр дүнтэй санал дэвшүүлсэн хурал болсон төдийгүй, их хурлаас гарсан шийдвэр, саналуудыг ажил хэрэг болгохын төлөө Монгол улсын Засгийн газар болон Ерөнхий сайд шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ