"ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ" СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/15 УНШСАН: 482

"ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ" СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн тусгай 6 сургууль, 2 цэцэрлэг, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон тусгай хэрэгцээт боловсролын салбарт ажиллаж буй багш ажилчид, эрдэмтэн судлаачид, эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар амжилттай хэлэлцлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд “тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”-ыг тусгайлан хэлэлцэхийн ач холбогдол нь гарсан санал, шийдвэрлэх арга замыг Засгийн газарт чиглэл болгон хүргүүлж, улмаар эерэг, хурдан шуурхай, салбартаа хүрсэн үр дүн гарахад оршиж буйг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах асуудлаар зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгон хүргүүлснээс хойш зургаан сар өнгөрснийг хэлж, дээрх заалтыг хэрэгжүүлэхэд л 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. Иймээс хэлэлцүүлгийн үеэр уг асуудлаар санал солилцож, төвлөрсөн шийдвэр гаргахыг хэлэлцүүлэгт оролцогчдоос хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагууд хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг эрэмбэлэн тогтоож, шийдвэрлэх талаар холбогдох газруудад зөвлөмж, чиглэл өгөхөөр тогтлоо.

Тухайлбал тусгай хэрэгцээт боловсролын стандартыг шинэчлэн тогтоох, анги дүүргэлтийн стандартыг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт сургуулиудын гадна ба орчны стандартуудыг бий болгох, шинэчлэн мөрдөх, тусгай хэрэгцээт боловсролд шаардлагатай байгаа ном, сурах бичгүүдийг хэвлэж, сурагчдыг ном сурах бичгээр хангах, харааны бэрхшээлтэй иргэдийн брайль үсэг, дохионы хэлний стандартыг бий болгох зэрэг олон асуудлын талаар ярилцаж шийдвэрлэх арга замыг тодорхойлсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ