БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Нийслэлийн боловсролын салбарын 2019 оны хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ
ОГНОО : 2019/02/20 УНШСАН: 504

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Нийслэлийн боловсролын салбарын 2019 оны хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн удирдлага болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж нийслэлийн боловсрол, соёл, спортын салбарын 2019 оны хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Боловсролын салбарт өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон газрын асуудлын талаар холбогдох албаны мэдээллийг сонслоо. 

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4 сургууль, Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль ашиглалтад орно гэж Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдээлэлдээ дурдлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Төсөл хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын талаар ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэг шинээр барих асуудлууд тодорхой шалтгаануудын улмаас саатсан. Тухайлбал газрын асуудал шийдэгдээгүй, тендерийн хугацаа хойшилсон, маргаан үүссэн гэх зэрэг зохион байгуулалтын олон асуудлаас үүдэн ажил хоцорч, зарим сургууль цэцэрлэгийн төсөв татагдсан. Тиймээс 2019 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эртнээс тал талын оролцоотой зохион байгуулах үүднээс өнгөрсөн 7 хоногт Боловсролын сайдын тушаал гарсан. Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар, Сангийн яам, Боловсролын яам, нийслэл нэгдэн цаашид ажлыг хэрхэн хурдацтай зохион байгуулах, нийслэлд баригдах сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар өнөөдрийн уулзалтаар санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд зарим хариуцлагагүй үйлдлээс болж олон газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан. Гэвч барилга баригдаагүй гацсан тохиолдол байна. Ийм асуудалтай эвлэрч болохгүй.” гэдгийг хэллээ.

Сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөх асуудлаар холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг  салбарын сайд үүрэг болголоо. Мөн газар чөлөөлөлт, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг санууллаа.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ