“ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” ХОЁРДУГААР ШАТНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА
ОГНОО : 2019/02/13 УНШСАН: 261

“ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” ХОЁРДУГААР ШАТНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээ 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд хүнс, хоолныхоо давсны агууламжийг бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна. Арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гурваас доошгүй жил тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой бөгөөд аж ахуйн нэгжүүд 2019 оны 2 дугаар сарын 15-ны 17:00 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт оролцох хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлнэ үү.

Арга хэмжээний тухай:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. 

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой уг арга хэмжээний эхний үе шатыг 2018 оны хоёрдугаар сараас эхлэн өрнүүлсэн. Арга хэмжээний нэгдүгээр үе шатыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн бөгөөд Атар-Өргөө, Мах маркет, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн 57, 94 дүгээр цэцэрлэг, СХД-ийн 101, 112, 226 дугаар цэцэрлэг, Номадс болон Бродвэй сүлжээ ресторан, ДЦС-4 ТӨХК-ийн Эрчим зоогийн газар гэсэн 11 аж ахуйн нэгж өөрсдийн хүсэлтээр хамрагдсан юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг тус арга хэмжээний нэгдүгээр шатны “Давс багатай бүтээгдэхүүн арга хэмжээг хэрэгжүүлэгч шилдэгийн шилдэг”-ээр шалгарч, Гран при цом, Хүндэт өргөмжлөл, гурван сая төгрөгөөг шагнагдсан билээ. Тус цэцэрлэг нь хүүхдийн хоолны 100 граммд агуулагдах давсны хэмжээг 60 хувь хүртэл бууруулсан, эцэг эх, багш ажилчид нийт 400 хүний давсны хэрэглээний талаарх мэдлэг, хандлагыг асуумжийн аргаар  судалсан, мөн нийслэл хот, хөдөө орон нутгийн цэцэрлэгийн тогооч нарт туршлагаасаа хуваалцах, багш ажилчид, эцэг эхчүүдэд давсны зохистой хэрэглээний сургалт, сурталчилгаа  хийх зэрэг ажлыг тогтмол явуулсан байна.

 “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд хамрагдсанаар аж ахуйн нэгжүүд одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авч, шинэ жор, технологид суралцах юм. Үүний үндсэн дээр 2019 оны 10, 11 дүгээр сард арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 13 шалгуур үзүүлэлтийн дагуу 7 номинациар шилдгүүдийг шалгаруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Үүнд, “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч”, “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага”-ыг тус тус шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Эх сурвалж: ХХАХҮЯам

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ