“УЛААНБААТАР ХОТЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛ- ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
ОГНОО : 2018/10/18 УНШСАН: 2801

“УЛААНБААТАР ХОТЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛ- ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

 

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 222 цэцэрлэг, төрийн бус өмчийн 448 цэцэрлэг нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 114191 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Цэцэрлэгийн насны  хүүхэд хоногийн идэвхтэй цагийн ихэнх хугацаа буюу 8-9 цагийг цэцэрлэгийн орчинд өнгөрүүлдэг. Үүнтэй зэрэгцэн хоногт авах хоол хүнсний мөн 80%-ийг цэцэрлэгийн хүнснээс хангаж байна. Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд тэнцвэртэй, шим тэжээллэг хоол хамгийн чухал нөлөөтэй тул нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах чиглэлээр багагүй ажил хийж хэрэгжүүлээд байна.

Үүний нэг нь Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн удирдлагын системийг бий болгох, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах загвар бий болгох, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой явуулах системийг бий болгох зорилготой  “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төсөл юм.

Уг төслийн гэрээг 2017 оны 11 сард БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн Боловсролын газар болон ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль хамтран 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан.

Төслийн хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг загвар төсөл байгуулах, Нийслэлийн цэцэрлэгийн хоол, шим тэжээлийн удирдлагын системийг бий болгох, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургалтын гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалууд боловсруулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөсөн.

Уг төслийн нээлтээр цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг загварыг үзүүлэхээр хотын захаас алслагдсан, нийт 20 бүлэгтэй үүнээс 24 цагийн үйл ажиллагаатай 2 бүлэгтэй, 800 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж буй Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийг сонгон авч 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төслийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Төслийн хүрээнд тухайн цэцэрлэгт эрүүл ахуйн шаардлага хангасан, загвар гал тогоог тохижуулах, хоол шим тэжээлийн зөвлөгөө өгөх сургалтын кабинет байгуулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хариуцан зохион байгуулах мэргэжлийн хоол зүйч ажиллуулах, эцэг эх, багш ажилчдад зориулсан сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах зэрэг ажлууд төлөвлөгдсөн. Үүний дагуу гал тогооны засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгалаа.

Тус арга хэмжээний нээлтэд БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Болормаа, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг, КОЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жо Ханг Лан, БНСУ-ын “WITH” Төрийн Бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга  Ким Жул Жай, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Шим тэжээл судлалын төвийн захирал Ц.Зууннаст, ЗАА-ны мэргэжилтэн Я.Бадамаа, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Төслийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сард холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ