МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ЖИШИГ КАБИНЕТИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2018/09/20 УНШСАН: 347

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ЖИШИГ КАБИНЕТИЙН НЭЭЛТ БОЛЛОО

БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, Гүүд нэйборс олон улсын байгууллага хамтран “IT гранд төслийн хүрээнд мэдээллийн технологийн орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах, сурагч, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл зүйн жишиг кабинет байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд СХД-ийн 9, 62 дугаар сургуулиудад орчин үеийн шийдлээр тохижуулсан сургалтын орчин, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл бүхий сургалтын агуулгыг сурагчдад эзэмшүүлэх бүрэн боломжтой иж бүрэн мэдээлэл зүйн кабинетийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Уг төслийг БНСУ-ын “Smilegate ХХК-ний санхүүжилтээр 2018 онд хэрэгжүүлж байна.

Орчин үеийн шийдэл бүхий Мэдээлэл зүйн кабинетийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар дунд сургууль дээр болсон бөгөөд нээлтийн ажиллагаанд Улсын их хурлын гишүүн Н.Учрал, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БНСУ-ын элчин сайдын орологч дарга, Гүүд нэйборс олон улсын байгууллагын монгол дахь газрын дарга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэснээр сургалтын орчин, багш нарын мэдлэг чадвар дээшлүүлэхээс гадна сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Мөн мэдээлэл зүйн багш нарын эрэлт хэрэгцээнд тулгуурлан гарын авлага боловсруулж нийслэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх 16 цагийн хөтөлбөр бэлэн болоод байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ