“ХАР ТАМХИ, МАНСУУРЛЫН ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
ОГНОО : 2018/06/26 УНШСАН: 380

“ХАР ТАМХИ, МАНСУУРЛЫН ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдрийг хар тамхи, мансууруулах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөр болгон зарласан байдаг.

Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын оролцоог өргөн хамруулах зорилгоор “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөний нэгдсэн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Нийслэлийн Тагнуулын газрын орлогч дарга Б.Багахүү, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга Б.Мягмаржав, болон төр захиргааны байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Зөвлөгөөний арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын газар хамтран оролцож нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилчдаас бүрдсэн 310 гаруй хүн хамрагдлаа.

Мансууруулах бодисын тархалтад өсвөр үе залуучуудын насны онцлог, нийгэм эдийн засгийн хямрал, хүн амын амьжиргааны түвшний бууралт, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн хайхрамжгүй байдал, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомсхон зэрэг асуудлууд нөлөөлж байгаагаас насанд хүрсэн хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байна.

Зөвлөгөөнөөр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс болон бусад байгууллага харъяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын болон цахим зэрэг зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатайг дурдлаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ