“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАД-2018"
ОГНОО : 2018/05/04 УНШСАН: 494

 “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАД-2018"  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 4, 8, 11 дүгээр ангийн сурагчдын дунд хоёр үе шаттай амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү олимпиадыг нийслэлийн Боловсролын газар, Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр GIZ-ийн хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, Отгонтэнгэр их сургууль, Карьер хөгжлийн төв хамтран зохион байгууллаа. Тус олимпиадад нийт 134 сургуулийн 35529 сурагч оролцсон бөгөөд ангилал тус бүрийн тэргүүн байрт

  • ЧД-ийн 23-р сургуулийн 4а ангийн сурагч Б. Билгүүн
  • СХД-ийн 67 дугаар сургуулийн 8г ангийн сурагч Л.Уянга
  • СХД-ийн 107 дугаар сургуулийн 11б ангийн сурагч П. Манлайбаатар

    нар шалгарсан бол сургуулиудаас нийлбэр дүнгээр доорх 10 сургууль тодорсон байна.

  • СХД 105 дугаар сургууль
  • БГД 93 дүгээр сургууль
  • БНД Гүнгалуутай цогцолбор сургууль
  • СХД 107 дугаар сургууль
  • БЗД 33 дугаар сургууль
  • БГД 38 дугаар сургууль
  • БЗД 21 дугаар сургууль
  • СБД Сант сургууль
  • БЗД 14 дүгээр сургууль
  • ХУД 115 дугаар сургууль

Амжилттай оролцсон нийт 30 сурагчдад алт, мөнгө, хүрэл медаль батламж гардуулсанаа гадна 8,11 дүгээр ангийн шилдэг 20 сурагчийг Гүн нуурхүүхдийн зусланд амрах эрхийн бичиг,             4 дүгээр ангийн шилдэг 10 сурагчийг хүүхдийн жүжиг үзэх эрхийн бичиг, нийлбэр дүнгээр эхний    3 байрт шалгарсан сургуулийг тус бүр 3 сая, 2 сая, 1 сая төгрөгийн сургалтын материал хэвлэх эрхээр тус тус урамшууллаа.  Хамтран зохион байгуулсан албан байгууллагууд болон нийт оролцогчидод баяр хүргэж амжилт хүсье.

Олимпиадын “Алтан медальт”, нийслэлийн 67-р сургуулийн 8-р ангийн сурагч Л.Уянга: 

Хөгжлийн тухай та бүхэнтэй өөрийн бодлоо хуваалцах болсондоо би баяртай байна. Мэдээж хүн бүхэн эрүүл саруул, эе эвтэй, айх аюулгүй, аз жаргалтай амьдрахыг хүсдэг.  Дэлхий дээрх 7 тэрбум хүмүүсийн холын болоод ойрын зорилго нь эцсийн эцэст аз жаргал л буй за. Тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилж, заримдаа ухарч, тэгээд дахин тэмүүлсээр л байдаг. Энэ нь бидний “хүн” гэдэг хэв шинжийг тодотгодог юм болов уу гэж би хувьдаа боддог юм. Гэхдээ бид байгаль эх дэлхий, мөн бусдын хамтаар л жинхэнэ аз жаргалыг олох учраас нэг нэгнээ хайрлаж, хүндэлж, хамгаалж байх нь чухал. НҮБ-с гаргасан тогтвортой хөгжлийн 17 зорилтго бол бидний зайлшгүй хийх ёстой зүйлсийн жагсаалт юм. Бид ганцхан дэлхийтэй үүнийгээ хайрлаж хамгаалж амьдрах ёстой. Хүн бүр л ингэх ёстой тэгэх ёстой гэж ярьдаг ч яг амьдрал дээр хэвшүүлдэг нь цөөхөн. Тийм ч учраас энэ олимпиад маш утга учиртай, үр ашигтай байж чадсан. Бидний зүгээс юу хийвэл тус нэмэрээ өгч болох, юуг хийхээс татгалзах гээд олон талын мэдлэгийг бидэнд өгсөн. Ингэснээр төдийлөн анхаарал тавьдаггүй алдаандаа хяналт тавьж,  засах нөхцөл боломж нь олдсон байх.

Би олон олимпиадад оролцож байсан тэдгээрээс ялгаатай нь энэ олимпиадын даалгавар байсан. Нийгмийн, байгалийн ухааны, иргэний боловсролын, эрүүл мэндийн, математкийн гээд олон хичээлийн даалгаврууд дангаараа байгаагүй ч бүгд хоорондоо холбоотой даалгаврууд бас бүгд хүүхэд бүрт нэгийг бодуулахаар даалгаврууд байлаа.

Эцэст маш сайн зохион байгуулж, чин сэтгэлээсээ ажилласан бүх хүмүүст, багш нартаа их баярлалаа.”

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ