ӨЕГ ӨГЛӨӨ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
ОГНОО : 2018/05/31 УНШСАН: 209

         ӨЕГ ӨГЛӨӨ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, МУБИС-ын докторант Н.Нарантуяа нар санаачлан Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль дээр хэрэгжүүлсэн “Өег өглөө” хөтөлбөрийн хаалтын ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болж өнгөрлөө.

Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, НБГ-ын дарга Ж.Гантулга, ЗАА-ны мэргэжилтэн Я.Бадамаа, МУБИС-ын докторант Н.Нарантуяа, Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяа болон сургуулийн багш ажилчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд   нийт 150 сурагч хамрагдсан бөгөөд 10 төрлийн өглөөний цайг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 104 өдөр олгосон байна. Нэг өдрийн өглөөний цайны төсөв 1000 төгрөг бөгөөд хөтөлбөрийн хугацаанд нийт 4,084,460 төгрөг зарцуулагдсан байна. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад өглөөний цай олгохоос гадна өвлийн хувцас, хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн бөгөөд сурагчдын чөлөөт цагаар сувилалд амраах, бүжиг заах гэх мэт арга хэмжээг зохион байгуулсан байна.

 “Өег өглөө” хөтөлбөрт хамрагдсан сурагчдын өндөр, жин нь хөтөлбөрт хамрагдаагүй байх үеийнхээс нэмэгдсэн бөгөөд туранхай байсан сурагчид хэвийн жинтэй болсны дээр хичээлийн 1-р улиралд 65, 84 цагийн таслалттай байсан сурагчид хөтөлбөрт хамрагдсанаар 9, 12 хүртэл буурсан, сурагчдын сурлагын ахиц амжилт өссөн сайн талууд ажиглагдсан байна.

Сурагчдын эцэг эхийн төлөөлөл хүүхдэд гарсан ахиц, амжилтад баяртай байгаа талаар сэтгэгдлээ хуваалцан цаашид хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал тус хөтөлбөрийн явц, хандивлагчдын талаарх мэдээлэл болон цаашид улам өргөжүүлж 1000 сурагчийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн. НБГ-ын дарга Ж.Гантулга хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлсэн бөгөөд сургуульд тулгамдаж буй асуудлын талаар чөлөөтэй ярилцан сурагчдын санал сэтгэгдлийг сонсож 2019 онд Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургууль 640 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болох талаар баяртай мэдээг дуулгалаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ