“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/05/30 УНШСАН: 475

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гарагийг Нийслэлийн “Хүүхэд сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гарсан.

Шийдвэр гаргах түвшинд хүүхэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломжийг хангах зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр” форум өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Форумын нэгдсэн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын хэсгийн дарга Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-өлзий, нийслэлийн Цагдаагийн хэлтсийн дарга Д.Ядамдорж болон дүүргүүдийн засаг дарга, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэгээр нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, дүүргийн хүүхдийн элч нар, нийслэлийн Хүүхдийн холбоо, дүүргүүдийн хүүхдийн төлөөлөл оролцон хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, хүүхдийн өсөж торниж байгаа бүхий л орчныг хүүхдэд ээлтэй болгох, хүүхдийн эрх, хөгжлийн чиглэлээр цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Шийдвэр гаргах түвшинд хүүхэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломжийг хангах үүднээс дүүрэг бүр хүүхдийн чуулганаа хийж, хүүхэд бүрээс гарсан санал санаачлагаа танилцуулахаар дүүргээ төлөөлөн оролцов.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн конвенци, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэл дэх асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднийг эрх үүргээ мэддэг өв тэгш иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Миний эрх үүрэг” сэдэвт 2 сарын аяныг 03 дугаар сарын 25-аас 05 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулсан. Аянд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 байгууллагын 27 төв идэвхтэй хамрагдсан. Аяны хүрээнд олон ажил зохион байгууулсан бөгөөд “ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЙМ Л БАЙГААСАЙ”  хүүхдүүдийн дундах эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Мөн хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн уралдааныг  багш, нийгмийн ажилтны чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын дунд 2 үе шаттай зохион байгуулж нийт 98 оюутан оролцсоноос 15 оюутан шалгарч нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах батламж гардан авлаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ