НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКО КЛУБУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ
ОГНОО : 2018/03/19 УНШСАН: 532

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКО КЛУБУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Улаанбаатар хот                                                                                                                    2018.03.18

 “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд БОАЖЯ, тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулиудын экоклубуудын  сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, нэг санал санаачлагын дор нэгтгэх зорилгоор "Эко клубуудын чуулга" уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 18-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа. 
Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагчид хамрагдлаа.

Чуулганыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Та бүхэн Монголын ирээдүй. Тиймээс та бүхнийг миний санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх Ногоон паспорт аянд нэгдэж байгаад баяртай байна. Эко клубынхан маань үеийнхнийгээ, томчуудыг байгаль хамгаалахад уриалж, үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Тэрбээр байгаль хамгааллын салбарт “Хандлагаа өөрчилье” уриатай багц ажлыг хэрэгжүүлэхээр эхлүүлж байгаа бөгөөд эхний ажил нь өсвөрийн байгаль хамгаалагчдаар дамжуулж томчуудын байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх “Ногоон паспорт” санаачлага юм. Энэхүү санаачилгын эхлэл болгон зохион байгуулсан Эко клубуудын чуулганы нээлтэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын урилгаар хүрэлцэн ирсэн юм. Хелена Молин Валдес чуулганд хэлсэн үгэндээ “Миний Монголд айлчилж буй хамгийн гол шалтгаан нь хүүхдүүд та бүхний энэхүү чуулганы нээлтэд оролцох байлаа. Монголын хүүхдүүд байгаль дэлхийгээ хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байгааг дэлхийн хүүхдүүдэд харуулахыг хүсч байна. Тиймээс та бүхэн Н.Цэрэнбат сайдын санаачилгыг маш сайн дэмжиж, ажиллаарай гэж хүсч байна. Би ирэх жил Монголд ирж, та бүхний хийсэн ажилтай танилцаж, хамгийн сайн байсан эко клубыг гадны улсуудын туршлагатай танилцуулна гэдгээ хэлье.
Чуулганд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга  нар мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдэд амжилт хүслээ.

Чуулганы үеэр санаачлагын хүрээнд зарлагдсан  “Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх уралдаан” -ны шагналыг гардууллаа. Уралдаанд 39 эко клуб бүтээлээ ирүүлсэнээс: 

  • I байранд 28 дугаар сургуулийн“Ногоон дэлхий” эко клуб
  • II байранд 25дугаар сургуулийн эко клубын сурагчид
  • Тусгай байранд Эрдмийн өргөө сургуулийн Энержи эко клубын сурагчидтус тус шалгарлаа

Чуулганаар  Эко клубын сурагчид маань Ногоон пасспорт аяны хүрээнд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео уралдаанд оролцох, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, ногоон пасспорт аяныг сургуульдаа нэвтрүүлж, сурагч бүрийг ногоон паспорттой болгох ажлыг хийх үүрэг даалгавар авснаар энэ удаагийн чуулган өндөрлөлөө.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ