“МОНГОЛ ХҮН” ХҮМҮҮЖЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СӨББ-ЫН 3100 УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН
ОГНОО : 2018/01/12 УНШСАН: 991

МОНГОЛ ХҮН ХҮМҮҮЖЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СӨББ-ЫН 3100 УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулсан “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт   зөвлөгөөн  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  “UB PALACE-ын концертын их танхимд болж, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга, тус аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын бие төлөөлөгч Б.Мөнхбаяр, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Соёлмаа, Б.Хишигт, болон дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага, багш, эцэг, эхийн   төлөөлөл  оролцлоо.

Уг зөвлөгөөний гол зорилго нь сургуулийн өмнөх боловсролын багш нарын бага насны хүүхдийн хөгжлийг дэмжиж буй туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тэдний  эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчид,  төрийн, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг нар зөвлөгөөнийг нээж үг хэллээ.

Зөвлөгөөн дээр бага насны хүүхдийн хөгжлийн талаарх орчин үеийн чиг хандлага, багш нарын дэвшилтэт аргазүй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцүүллээ:

  1. “Монгол хүнээ хэрхэн бэлтгэх вэ?”

    НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д. Мөнхжаргал

  2. “СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт явц, анхаарах зарим асуудал”

    НБГ-ын СӨБ хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд профессор З.Болормаа

  3. “Бидний мэргэжил-цэцэрлэгийн багш”

    МУБИС-ийн СӨБС-ийн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Туяа

  4. Усны хэрэглээ бяцхан хуримтлал”

    Хан-Уул дүүргийн  209-р цэцэрлэгийн багш  Б. Долгорсүрэн, Б.Маралмаа

  5. “Сургалтын үйл ажиллагааг мэргэжил, аргазүйгээр удирдан чиглүүлэх нь”

    Нийслэлийн тэргүүний Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн арга зүйч

    Г.Чанцалдулам

  6. “СӨББ-ын үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдыг татан оролцуулах нь”

      “Дэмжлэг-Амжилт-Сайн хүн” гэр бүлийн сургалтын төвийн захирал Д. Нямсүрэн

 

Зөвлөгөөний үеэр ЕБС, СӨББ-ын багш ажилтны “Монгол хүн” хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, арга туршлага солилцох, дэлгэрүүлэх, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн нэвтрүүлж байгаа шинэлэг арга технологи, хүүхдийн төлөө олон нийтийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа санал санаачилгуудыг нэгтгэсэн “Монгол хүн” цахим сэтгүүлийн нээлт болсон бөгөөд улирал бүр  48000 багшид  цахим ертөнцөөр хүрч сонорыг мялаах юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шагналаар 12 багшийг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн

"Хүндэт тэмдэг"-ээр

  1. БГД-ийн 89-р цэцэрлэгийн багш Дагдандоржийн Чулуунгэрэл
  2. НД-ийн 23-р цэцэрлэгийн хөгжмийн багш Довдонгийн Төмөрбаатар
  3. СБД-ийн 216-р цэцэрлэгийн Тэгшбаярын Бадамсүрэн
  4. СХД-ийн 118-р цэцэрлэгийн багш Намсрайн Чимэгээ
  5. ЧД-ийн 124-р цэцэрлэгийн Гүрсүхийн Наранцэцэг


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн

"Хүндэт үнэмлэх"-ээр

  1. БЗД-ийн 168-р цэцэрлэгийн “Арга зүйч” Лхагвасүрэнгийн Ууганбаяр
  2. БНД-ийн 235-р цэцэрлэгийн Лхамсүрэнгийн Энхчимэг


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн

Нийслэлийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр

  1. БНД-ийн 138-р цэцэрлэгийн хөгжмийн багш Бяхаржавын Эрдэнэсоёл


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн

 “Жуух бичиг”-ээр

  1. СБД-ийн 217-р цэцэрлэгийн багш Галсангийн Цэцэгмаа
  2. НД-ийн 152-р цэцэрлэгийн арга зүйч Хүрэлсүхийн Ариунболор
  3. ЧД-ийн 173-р цэцэрлэгийн арга зүйч Цагаанбаатарын Бадампүрэв

Зөвлөгөөний үеэр 500 гаруй багш, хүүхэд оролцсон тоглолтыг зохион байгууллаа  


"Монгол хүн бэлтгэхэд СӨБ-ын байгууллагын үүрэг оролцоо" зөвлөгөөн зохион байгуулах ажилтай холбогдуулан багш нарт зориулан захиалсан Э.Буянмөнхийн ая ”Цэцэрлэгийн багшаа дуулъя” дууг БГД-ийн хөгжмийн багш нар дуулж мэндчилгээ дэвшүүллээ..

Зөвлөгөөнөөс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2400 гаруй  удирдлага,  багш нараас авсан санал асуулгад тулгуурласан уриалгыг гаргасан болно.  

УРИАЛГА

 МОНГОЛ ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг эрхэм хүндэт Боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш ажилтнууд аа!

Иргэд, эцэг эхчүүд ээ!

Эх орны минь ирээдүй хойч болсон хүүхэд багачуудаа ёс суртахууны боловсролтой, монгол өв соёлоо дээдэлдэг,  хүнлэг энэрэнгүй, уужуу холч ухаантай, үнэнч шударга, бие даан сурч боловсрох чадвартай, бүтээлч иргэн болгон төлөвшүүлж, сургаж  хөгжүүлэх, хамгаалах нь та бидний эрхэм үүрэг билээ.

Энэхүү эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэх, хүүхдэд ээлтэй сайн сайхан нийгмийг цогцлоон бий болгохын тулд “Монгол хүн” хүмүүжлийн аянг санаачилсан.

 “Монгол хүнийг төлөвшүүлэхэд СӨББ-ын үүрэг оролцоо” зөвлөгөөнийг нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын хүрээнд зохион байгуулж, ирээдүйн монгол хүүхдийг бэлтгэх үйл хэрэгт төрийн бүх шатны байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо хариуцлага, хамтын ажиллагаа нэн чухал болохыг тэмдэглэж дараах  үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна. 

 Багш нарын түвшинд:

  1. Багшийн нэр хүндийг өндөрт өргөж, цэцэрлэгийн багшийн ажлын онцлогийг нийгмийн хүрээнд ойлгуулан ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх ажлаа нэр хүндтэй биелүүлье.
  2. Багш бүр монгол өв соёлоо дээдлэн, монгол бичигт суралцаж, угийн бичиг хөтлөн, эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурцгаая.
  3. Багш нарын залгамж холбоог бэхжүүлж, ахмад багш нараа хүндлэн, багш багшаасаа суралцах боломжийг нэмэгдүүлэн хамтдаа хөгжье.
  4. Судалгааны аргазүйг эзэмших, боловсролын зэргээ ахиулах асуудалд бүтээлчээр хандаж мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлэхэд санаачилгатай хандацгаая.

Цэцэрлэгийн түвшинд:

  1. “Монгол ёс заншлын өргөө”-г цэцэрлэг бүр байгуулан, монгол наадгайгаар тоглох, монгол номоо дээдлэх, монгол хувцсаа хэрэглэх, монгол өв соёлыг түгээх ажлыг тодорхой бодлого хөтөлбөрөөр дамжуулан үе шаттай хийцгээе.
  2. Хүүхдийн цэцэрлэгийн гадна туршилт, танин мэдэхүйн талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эко цэцэрлэг болох аяныг багш, хүүхэд, эцэг эх, оролцоотойгоор зохион явуулах, дэмжиж урамшуулах
  3. Монгол хүүхдийг төлөвшүүлэх ажлын менежментийг боловсронгуй болгон цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлье.
  4. Нэг бүлэгт сурах хүүхдийн тоог зохистойгоор төлөвлөх, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах, хүүхэд бүрд чанартай боловсрол олгох ажлыг зөв менежментээр удирдан зохион байгуулах ажлыг чанарын шинэ шатанд гаргацгаая.

Нийслэл, дүүргийн түвшинд:

  1. Хүүхэд бүрийг гэмт хэрэг, хүчирхийллээс ангид байх орчин нөхцөлийг бүрдүүлэн, байгууллага, хүн бүр хариуцлагаа өндөржүүлж, болзошгүй эрсдэлээс хүүхдээ хамгаалъя.
  2. Хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчин, нөхцөл бүрдүүлэх асуудлын эрхзүйн орчинг боловсронгуй болгох бодлогыг тууштай хэрэгжүүлэн ажиллацгаая.
  3. Багшийн хөгжлийг дэмжиж, дотоод, гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлэх, боловсролын зэргээ ахиулах боломж, нөхцөлөөр хангаж, чадварлаг боловсон хүчний нөөцийг бэхжүүлье.
  4. Монгол хүүхдийн ахуй амьдрал, соёл, зан заншилд нийцсэн арга зүйг боловсронгуй болгох, хүүхдийн хөгжлийг ахицаар нь үнэлэх арга ажиллагаанд багш нарыг мэргэжүүлэх ажлыг эрчимжүүлье.
  5. Монгол хүүхдийг төлөвшүүлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг өндөржүүлэн цэцэрлэг, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулж ажиллацгаая.

МОНГОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЕ.

 Зөвлөгөөн хүүхэд, багш, эцэг эхчүүд эрхэмлэх зүйлсээ хамтдаа уншсан  “Хүндэтгэлийн хэсэг”-ээр өндөрлөлөө.

НЭГ. ХҮҮХДИЙН ЭРХЭМЛЭХ 9 ЗҮЙЛ:

            Би эх орондоо хайртай, элгэмсэг  Монгол хүүхэд

            Би ээж, аавдаа ачлалтай, хүнлэг Монгол хүүхэд

            Би эрүүл чийрэг биетэй, эрэмгий Монгол хүүхэд

            Би эрдэм номд хичээнгүй, зорилготой  Монгол хүүхэд

            Би хатуу бэрхээс халирдаггүй, өөдрөг Монгол хүүхэд

            Би үнэнч шударгыг дээдэлдэг, хариуцлагатай Монгол хүүхэд

            Би ажил хөдөлмөрт шамдангуй, бүтээлч Монгол хүүхэд

            Би ахан дүүсээ хүндэлдэг, ухаалаг Монгол хүүхэд

            Би ардын уламжлалаа дээдэлдэг, удамт Монгол хүүхэд

Хамтдаа:Тийм ээ, бид- Монгол хүүхэд

ХОЁР.БАГШИЙН ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ - Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын төлөөлөл уншлаа.

Багш би

            Алтан соёмбот тугандаа сүсэглэн

            Агуу хүчирхэг Монгол улсын төлөө

            Авьяас билэг эрдэм оюунаа дайчлан

            Ард түмний хойч ирээдүйг сурган хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ.         

Багш би

            Өндөр төрийн минь сүлд ивээсэн

            Өнөд бадрах Монгол улсын төлөө

            Өөрийн цохилох зүрх  сэтгэлээ зориулан

            Өнөр түмнийхээ мэдлэг оюуныг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.

Багш би

                        Баатарлаг өвөг дээдсийн өлгий болсон

                        Баян Монгол улсын төлөө

                        Бие сэтгэлээ зориулан     

                        Бяцхан үрсийнхээ бүтээл туурвилыг дэлгэрүүлэхийг эрхэмлэнэ.   

Багш би

                        Эх байгаль дэлхийн үзэмж төгөлдөр

                        Энхрий Монгол улсын төлөө

                        Эгэл биеэ зориулан

Эрдэм боловсрол төгөлдөр, эрүүл Монгол иргэнийг өсгөж

хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ.                                                                 

Багш би

            Мөнх тэнгэрийн хүчин дор эвлэлдэн нэгдсэн

            Мөнхөд орших Монгол улсын төлөө

            Мэдлэг оюунаа дайчлан

            Хүнлэг, энэрэнгүй хойч ирээдүйг сургаж хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ.

Багш би

            Дуутай хууртай, дундаршгүй их өв соёлтой

            Дэлхийд  нэрээ дуурсгасан Монгол улсын төлөө

            Хүсэл мөрөөдөл, хүч оюунаа дайчлан

Бүтээлч санаачилгатай хойч ирээдүйг сурган хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ.

Тийм ээ, БИД НИЙСЛЭЛИЙН БАГШ НАР

ГУРАВ. “ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ ИРЭЭДҮЙ  ТӨЛӨВШҮҮЛЭХ ЭЦЭГ ЭХИЙН АМЛАЛТ - Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл уншлаа.

Эцэг эх бид- Эх орон, элгэн садан, үр хүүхэд, хойч үеэ хайрлаж, ачлал хүндлэлээ өргөнө.

Эцэг эх бид-Хүүхдийн эрхийг хүндэтгэн дээдэлж өөртөө итгэлтэй, өрөвч зөөлөн, хүнлэг иргэн болгоно.

Эцэг эх бид-Үр хүүхдийнхээ ирээдүй, бие бялдрын хөгжилд онцгой анхаарч эрүүл чийрэг иргэнийг өсгөнө.

Эцэг эх бидҮр хүүхдийнхээ боловсролд нь анхаарч өөрсдийн бүхий л хүч бололцоогоо дайчлан  авьяас, ур чадварыг  нээхдотны туслагч нь байна.

Эцэг эх бид-Үр хүүхдээ зөв хандлагатай, үнэнч шударга иргэн болгон нийгэмшүүлнэ.

Эцэг эх бид- Үр хүүхдээ амьдралын зөв дадал хэвшилд сургаж нийгэмд хариуцлагатай, ухамсартай, зөв иргэнийг төлөвшүүлнэ.

Эцэг эх бид-Үр хүүхдээ хөдөлмөрт дуртай, ажилч хичээнгүй, бүтээлч болгохын тулд үлгэрлэгч, туслагч, хамтрагч нь байна.

Эцэг эх бид-Үр хүүхдээ санаачлагч,асуудлыг шийдвэрлэгч болгохын тулд мэдлэг, чадвар, туслалцаа, нөөц боломжоор хангаж ажиллана.

Эцэг эх бид-Үр хүүхдийнхээ  эх оронч үзэл, бахархах сэтгэлгээг хөгжүүлэхдээ төрсөн нутаг, байгалийн сайханд аялуулж, түүнийг хайрлан хамгаалах хандлагыг өвлүүлнэ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ